Арьсны өвчин судлалын үндэсний төв 21 аймаг болон дүүргийн эмч нарыг чадавхжуулж, туршлага солилцох зөвлөгөөн зохион байгуулж байна.
Энэ үеэр АӨСҮТ-ийн захирал Ц.Уранчимэг "Энэ удаагийн сургалт Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа улсын эмнэлгүүдийг чадавхжуулах, тэдгээрийг тогтвор суурьшилтай ажиллах, мөн АӨСҮТ-тэй эргэх холбоотой ажиллах, мэдлэг мэдээллийг солилцох, тус төвд хийж хэрэгжүүлж байгаа шинэ технологийг танилцуулж цаашид хамтран ажиллах талаараа хуралдаж байгаад чухал ач холбогдолтой.
Эмчгүй байгаа орон нутгийг яаж мэргэжил арга зүйгээр хангах юм, цаашдаа залуу эмч нараа тогтвор суурьшилтай ажиллахад яаж дэмжиж, мэргэжил арга зүйгээр хангах юм, эрүүл мэндийн яамнаас төвлөрлийг сааруулах, орон нутагт нь аливаа өвчнийг эмчлэх чадамжийг нь бий болгоё гэдэг зорилт тавьж байгаа учраас бид ч энэ зорилтын хүрээнд эмч нараа чадавхжуулах, гадагшаа мэргэжил дээшлүүлэх, төвдөө нэвтрүүлсэн шинэ технологийг орон нутагт нутагшуулах чиглэлээр хамтран ажиллахаар төлөвлөж байна.
Манай төвийн хувьд сүүлийн жилийн хугацаанд маш олон шинэ технологийг нэвтрүүлсэн. Өнөөдрийн арга хэмжээнд томоохон гэсэн ажлуудыг эмч нартаа танилцуулж байна.
Арьсны эмч нарын сүүлийн хурал цуглаан олон улсын хэмжээнд дандаа бай эмчилгээ нэвтрээд байгаа. Бид хайрс үлд, чонон хөрвөс, цэврүүтэх өвчний эмчилгээнд бай эмчилгээг төв дээрээ амжилттай нэвтрүүлээд үр дүнгээ үзсэн байгаа.
Мөн эмчилгээний гоо заслын чиглэлд гоо сайхны мэс заслын өрөөг тохижуулж 2 эмчийг сургаж авсан. Энэ хүрээнд арьсны түвшинд хийгддэг жижиг мэс ажилбарууд хийгдэж байна. 2024 онд үс шилжүүлэх хагалгааг амжилттай төв дээрээ хийгээд одоогийн байдлаар 4 хүнд хийж үр дүн маш сайн байгаа." гэв.