ЭМДЕГ нь Улсын хэмжээнд нийт 236 хувийн хэвшлийн эмнэлэгтэй гэрээтэй байдаг. Үүнээс өнөөдөр төлөөлөл болгож 34 хувийн хэвшлийн (нэгдсэн эмнэлэг, төрөлжсөн нарийн мэргэжил, ортой клиник, уламжлал) эмнэлгийн төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа.
Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсөв, санхүүжилт, ирэх жилд баримтлан ажиллах бодлого шийдвэрийн талаар ЭМДЕГ-ын дарга С.Энхболд танилцуулсан.
Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын төлөөллүүд төрөлхийн сонсголгүй төрсөн хүүхдүүдийн сонсгол оруулах өндөр өртөгтэй хагалгааг гүйцэтгэлээр тавьж өгөх, диализийн тусламж, үйлчилгээг зөв зохистой санхүүжүүлэх, гүйцэтгэлийн санхүүжилтийг сар сард ирж байгаа ачааллаас хамаарч уян хатан, цаг хугацаандаа олгох, нүдний тусламж үйлчилгээний 95 хувийг мэс засал буюу яаралтай тусламж үйлчилгээ эзэлдэг бөгөөд архаг, цочмог, төлөвлөгөөт гэж оруулахгүй байх, оношийн өртгийн жинг бодит түвшинд тавих, хамтын төлбөрийн асуудлаар санал бодлоо хуваалцлаа.
Уулзалтын хүрээнд ЭМДЕГ-аас хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын санал бодлыг сонсч, хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлж, цаашид бодлого , стандарт, удирдамжийг боловсронгуй болгоход тэдний саналыг тусгаж, ЭМДҮЗ-д хүргүүлэхээр тохиролцлоо.
Энэхүү уулзалт нь төр, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлж, иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад чухал алхам боллоо.