Л.Оюун-Эрдэнэ: Том төслүүд том эрх ашгийг хөнддөг. Надад энэ байтугай цохилтууд ирэх байх гэж бодож байсан

Arslan.mn

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цаг үеийн асуудлаар дөнгөж сая тайлбар өгөв. Тэрээр орлогоо нотолж чадахгүй бол хариуцлага хүлээхэд бэлэн гэдгээ мэдэгдэв. Бусад улстөрчдөөс адилхан орлогоо нотлохыг шаардахыг уриаллаа. 

Тэрбээр, " Говийн бүсэд ажиллаж байхад ийм асуудал болсон. Ирээд хүүтэйгээ ярилцсан. Манай хүү 23 настай, эрийн цээнд хүрч байна. Найз охинтой болсон байна. Найз охиных нь ар гэр, аав ээжтэй уулзаж, танилцаж амжаагүй. Сүйн бөгж бэлэглэсэн нь үнэн байна. Хүүгийнхээ хайр сэтгэлийн асуудалд хүндэтгэлтэй хандаж байна. 

Олон нийт шүүмжлэлтэй хандаж байгааг хүлээн зөвшөөрч байна. Хүн бүхэн хуулийн өмнө тэгш эрхтэй, орлогоо нотлох ёстой. Манай хүү “Сүй тавих гэж байгаа, мөнгө төгрөг хэрэгтэй” гэсэн зүйл надад яриагүй.  Манай хүү насанд хүрсэн хүн. Өөрөө хувиараа юм хийдэг. Манай хүү бөгж авснаа надад хэлсэн. Бусад асуудлыг би мэдэхгүй. Би хүүдээ итгэж байна. Мөнгө алга болохгүй, шалгагдаад гараад ирэх асуудал. 

Миний ХОМ-д хоёр компани байна. Нэг нь "Херо интертайнмент"-ын 50 хувь, нөгөөх нь "Хүлэг контент" гэж компани бий. Миний том хүү студийн чиглэлээр үйл ажиллагаа явуулах сонирхолтой, тэр чиглэлээр юм хийгээд л явж байгаа залуу. Яваандаа өөрөө мэдээллүүдээ өгөх байх. Би хүүгийнхээ хувь хүнийх нь орон зайд халдахыг хүсэхгүй байна. Хэрэв орлогоо нотолж чадахгүй бол сүйн бөгж байсан ч хураалгах ёстой. Энэ бол олон нийтийн тавьж байгаа зөв зүйтэй шаардлага.  

Том төслүүд том эрх ашгийг хөнддөг. Хувь хүнийхээ хувьд би олон хүнийг гомдоож эрх ашгийг нь зөрчжээ. Надад энэ байтугай цохилтууд ирэх байх гэж бодож байсан. Сэтгэл зүйн хувьд үргэлж бэлэн амьдарч байсан.

Засгийн газраас авлигын эсрэг тэмцэж байна. Авлига авсан нь нотлогдвол 12 жил хорих ялтай болсон. Дээр нь Засгийн газраас 11-р сард улс төрд нөлөө бүхий этгээд, өндөр албан тушаалтнууд орлогоо нотолж чадахгүй бол хөрөнгийг улсын орлого болгох хуулийн төслийг өргөн бариад байна. Энэ хууль УИХ-аар хэлэлцэгдэн батлагдвал одоо яригдаж буй бүх хардлага сэрдлэг бүрэн шийдэгдэнэ. 

Намайг “данх, жижүүр” гэж янз бүрээр л хэлдэг. Одоо гэр бүл рүү орж байгаа юм байна. Манай хүүхэд болон гэр бүлийнхэн ч ойлголт авсан байх.

Сая 20 жил улстөржсөн манай улсын хувьд 1-рт эрэмбэлэгдэх Гашуунсухайт-Ганцмод төмөр замын бүтээн байгуулалтын нээлт маш чухал үйл явдал боллоо. Үүнийг хүмүүс анзаарахгүй өнгөрөх шиг боллоо. Дуулиан дээр илүү төвлөрөх шиг боллоо. Энэ бол биднийг хирсүү байхыг сануулж байна.

Засгийн газраас авлигын ялын бодлогыг чангатгаж, 12 жилийн хорих ял оноодог болсон. Төрд ажиллаж байгаа өндөр албан тушаалтнууд орлогоо нотолж чадахгүй бол хөрөнгийг улсын орлого болгох хуулийн төслийг Засгийн газраас УИХ-д өргөн барьсан. Хууль батлагдвал улс төрийн өндөр албан тушаалтны гэр бүлийн гишүүд Хүн амын орлогын албан татварыг бүртгүүлдэг болно. Татвар бүртгэгдэхээр датанууд ойлгомжтой болно. Орлогоо нотолж чадахгүй бол хураагддаг болно. Олон нийтийн зөвлөл болон бусад хяналтууд орно. АТГ болон хуулийн байгууллагуудтай хамтарч бүх нийтээр шалгаж, эргэлзээг тайлна.

Эцэст нь хэлэхэд, Эргэлзээ төрүүлсэнд ард түмнээсээ би уучлал гуйж байна. Хоёрдугаарт, Надад нотолж чадаагүй сэтэрхий тэвнэ илэрвэл би хариуцлага хүлээхэд бэлэн байна. 

Харин Баялгийн сангийн хууль, улс төрчдийн хөрөнгө хураахтай холбоотой эрх зүйн орчинг бүрдүүлэхэд саад болж, энэ асуудлыг улстөрийн зорилгоор ашиглах гэсэн ялаанууд байгаа.

Энэ ялаануудад хандаж хэлэхэд та нар миний итгэл үнэмшил, үзэл санааг бөхөөж бөхөөж чадахгүй, битгий горьд. Зорьсон асуудлынхаа төлөө миний хувьд хатуугийн хатуу тэмцэнэ гэдгээ хэлье.

Асуудалтай холбоотой байгаа асуудалд эцсийн мөчөө хүртэл хатуугийн хатуу явна" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
54836