Дэд ахлагч Б.Буянхишиг 46 хоногт 2222 км зам туулсан амжилттайгаар гүйлтээ зогсоожээ

Зэвсэгт хүчний 234 дүгээр ангийн гүүрчин аврагч спортын мастер дэд ахлагч Б.Буянхишиг эх орныхоо баруун хязгаараас зүүн хязгаар хүртэлх 2222 км замыг 46 хоногт туулсан амжилтаар маргаашаас гүйлтээ зогсоож байна.

2021 онд хил хамгаалах байгууллагын алба хаагч бүсгүй 1047 км замыг 48 хоногт туулснаар монгол эмэгтэйчүүдийн түүхэн рекордыг анхлан бичсэн бол дэд ахлагч Б.Буянхишиг үүнийг 2 дахин нугалж 46 хоногт 2222 км болгон нэмэгдүүлж чаджээ.

Түүнтэй утсаар холбогдож сэтгэгдлийг хуваалцахад “Үнэхээр сайхан байна. Түүхэн рекордыг тогтоож чадсандаа баяртай байна. Цастай, бороотой, шуургатай, нартай бүх цаг үед эх орныхоо баруун хязгаараас зүүн хязгаар хүртэлх чулуу бүрийг хөлөөрөө мэдэрч, салхи бүрийг нь амьсгалж гүйснээрээ бахархаж байна. Өдий зэрэгтэй гүйж, энэхүү амжилтыг үзүүлэхэд ахлах ахлагч Э.Даваажамц ахын нөмөр нөөлөг, тусламж дэмжлэг хязгааргүй их. Үнэхээр баярлалаа гэж хэлэх ч багадна. Сэтгэл санааг минь өргөж, инээлгэж, зоригжуулж, заримдаа эвийлж, ёстой нэг аав, ахын уул шиг нөмрийг үзүүлж хамтдаа гүйсэн нь 2222 км зам туулахад гол түшиц боллоо. “Таван цэг” багийнхандаа ч ялгаагүй. Гүйхээс бусдыг минь тэд л нугалж, энэ урт холын замыг хамтдаа тууллаа. Хайртай аав, ээж, хань, хүүдээ баярлалаа. Гүйх шийдвэрийг минь хүлээн зөвшөөрч, бүх төрлийн тусламж дэмжлэг үзүүлсэн БХЯ, ЗХЖШ, ХЗЦК, ТХЦК, ХХЕГ, Зэвсэгт хүчний 234 дүгээр анги болон бусад нэгтгэл, ангиуд, Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Булган, Төв, Хэнтий аймаг болон нийслэлийн Налайх, Багануур дүүргийн Засаг дарга, Цэргийн штаб, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын бүрэлдэхүүн, ард иргэд, малчид, тээвэрчдэдээ үнэхээр их баярлалаа. Монгол Улсын хэт холын зайн түүхэнд хил хамгаалах байгууллагын алба хаагч ахлах ахлагч Т.Рэнцэнбадам эгчтэй хамт түүхэн рекордыг бичсэндээ баярлаж байна. Бидний энэхүү амжилтыг монгол бүсгүйчүүд маань эвдэж, шинэчилнэ гэдэгт нь эргэлзэхгүй итгэж байна. "Гүйлт бол гайхамшиг” гэсэн мэдээллийг өглөө.

ФОТО

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
54842