Монгол Улсаас Тайландын Вант Улсад суугаа Элчин сайд А.Төмөрийн эхнэр Л.Орхон нь энэ сарын 09-ний /2025.05.09/ өдөр Тайландын нийслэл Бангкок хотын Хлонг Тоэй дүүрэгт байрлах өндөр барилгын 17 давхраас унаж, харамсалтайгаар амиа алдсан хэрэг гарсан.
А.Төмөр нь Гадаад харилцааны яаманд 10 гаруй жил ажилласан байгаад 2020 оны аравдугаар сарын 26-нд Элчин сайдаар томилогдсон бөгөөд түүний Элчин сайдаар ажиллах хугацаа нь дууссан байжээ. Гэвч эргүүлэн татаагүй байсан нь Элчин сайдуудын томилгоонд Гадаад харилцааны яам хяналт, хариуцлага тавих ёстой үндсэн үүргээ биелүүлэхгүй байгаагийнх хэмээн олон нийт шүүмжлэлтэй хандаж буй.
Тэгвэл энэ талаар ГХЯ-аас тодруулахад, "Элчин сайд А.Төмөрийг анх 2020 онд томилсон. Бүрэн эрхийн хугацаа нь 2024 онд дуусаж, нөхцөл байдлаас шалтгаалан дахин 1 жилээр сунгагдсан байсан. Түүнд хариуцлага тооцох, эгүүлэн татах асуудлыг удахгүй ярина. ГХЯ-ны зүгээс талийгаач эхнэрийнх нь шүүх шинжилгээний дүгнэлтийн албан ёсны хариуг хүлээж байна." гэв.