Засгийн газрын ээлжит хуралдаанаас хууль бус хөрөнгө хураах хуулийн төслийг УИХ-д өргөн барих шийдвэрийг гаргасан байна.
Дээрх хуулийн төсөл нь Засгийн газраас боловсруулж байгаа Авлигын эсрэг багц хуулийн төслийн нэг нь юм байна.
Хуулийн төслийн талаар ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл "Монгол Улсын засгийн газрын 1-р сарын 22-ны өдрийн хуралдаанаар нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураах, нөхөн төлүүлэх хуулийн төслийг өргөн мэдүүлэхээр дэмжсэн. Ингээд 1-р сарын 24-ны өдөр хүргүүлсэн. Энэ ганц хөрөнгө хураах хууль биш. Авлигын эсрэг багц хуулийн төсөл байгаа юм. Авлигын хуульд болон бусад хуульд өөрчлөлт оруулах.
Тов өгөлгүй, хэлэлцүүлж чадалгүй олон сарыг үзсэн. Өнгөрсөн даваа гарагт засгийн газраас, УИХ-аас хуулийн төслөө татаж аваад өөрчлөлтүүдийг хийгээд, өнөөдөр УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Энэ хуулийн үйлчлэлд хамаарах, нэн түрүүнд шалгах ёстой субект нь төрийн өндөр албан тушаалтан. Өнөөдөр үйлчилж байгаа хууль тогтоомжоор 10-20 жилийн өмнөх хууль бус хөрөнгийг хураах ямар ч хуулийн боломжгүй. Тиймээс энэ хуулийг өргөн мэдүүлэх нь зөв гэж үзлээ.
Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураах хууль процессын хувьд 2002 оноос эхэлж байгаа. Ял шийтгэлгүйгээр хөрөнгийг нь хураах зарчмаар явна." гэв.