Цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан Ардчилсан намын дарга Л.Гантөмөрөөс тодрууллаа.
Тэрбээр, "МАН өнөөдрийн хурлаараа Монгол Улсын эрх ашгийг бодож байна уу үгүй гэдгийг эргэж хараад, дүгнэлтээ гаргах байх.
Миний сонссоноор бол АН бэхжих юм байна, хамтарсан мөртлөө АН-ын гишүүд үг хэлээд байна гэдэг зүйлийг ярьж байгаа юм билээ. АН бол өөрөө ийм олон ургалч үзэлтэй нам. Өөрийнх нь засаг байсан ч манай намын гишүүд шүүмжилдэг. Манай намын гишүүд бол өөрийнхөө ерөнхий сайдыг шүүмжилдэг хүмүүс.
Манай нам өнөөдөр ч өөрийнхөө өнгө төрхөөр байгаа юм. Үүнийг МАН-ын нөхөд ойлгож, хүлээж авч сурах хэрэгтэй. Түүнээс хамтарлаа гэдэг нь намын гишүүдийнхээ амыг барь гэсэн үг огт биш. Бид ийм хэлэлцээр хийгээгүй.
АН-ын улс төрийн зөвлөл бол хамтарсан Засгийн газрын үйл хэрэгт садаа болох шийдвэрт гаргаж байгаагүйг бүгд мэднэ. Түүнээс улсын эрх ашгийг нэгдүгээрт тавихгүй бол хамтарсан Засгийн газар тарах хэрэгтэй.
Улсын эрх ашгийг орхиод намын нэр хүнд, тодорхой хүмүүсийн эрх ашгийн төлөө шийдвэр гаргаж байгаа бол цаашид ч ингээд явна.
АН зүгээс засагт байлгаад өгөөч гэж хэзээ ч гуйхгүй.
Би их бардам байгаа. Утаагүй болох, бензинтэй болох, Гашуунсухайт-Ганцмод, ураны асуудлаа эхлүүлж чадлаа. Хамтарсан Засгийн газар богино хугацаанд хийж, сайн ажиллаж байгаа " гэв.