Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль /АШУҮИС/-ийн 83 дахь удаагийн төгсөлтийн эрдмийн баяр, тангараг өргөх ёслол өнөөдөр /2025.05.22/ боллоо.
Арга хэмжээг нээж, АШУҮИС-ийн ректор Б.Дамдиндорж хэлсэн үгэндээ, "Энэ хичээлийн жилд манай сургууль Монгол Улсын дээд боловсролын түүхэнд шинэ хуудас нээсэн онцгой жил болж байна. Дээд боловсролын хуулинд заасны дагуу Хүний их эмчийн хөтөлбөрийг нэгдмэл хөтөлбөр буюу бакалавр, магистрын зэрэгтэй анхны 24 оюутан төгсөж байна. Эдгээр оюутнуудаас 2 оюутан онцгойлох дипломтой төгсөж байгаа нь манай оюутнуудын сурлага, эрдэм шинжилгээ, нийгмийн идэвх оролцоо, манлайлал нэмэгдэж байгаагийн илэрхийлэл юм.
Мөн АШУҮИС болон АНУ-ын Georgia State University-тэй хамтран хэрэгжүүлж буй Англи хэлээр Хүний их эмч бэлтгэх хөтөлбөрийн анхны төгсөлт болж байгаа.
Энэхүү хөтөлбөрийн хүрээнд манай эрдэмтэн багш нар бүх лекц, дадлагын хичээлүүдийг 100 хувь Англи хэлээр зааж, хамтарсан хөтөлбөрийн анхны элсэлтийн 27 оюутан төгсөж байгаагаас Гадаадын 5 оюутан АШУҮИС-ийг Хүний их эмч мэргэжлээр амжилттай төгсөж байна.
АШУҮИС-ийг 2025 онд дипломын болон бакалаврын зэргээр нийт 2126 төгсөгч 26 хөтөлбөрөөр суралцан төгсөж Эрүүл мэндийн салбарт хүн ардынхаа эрүүл энхийн манаанд гарах гэж байна.
Төгсөгч нараас 35 оюутан онцлох дипломтой төгсөж байгаа нь сүүлийн 18 жилийн үзүүлэлтээс 2.1 дахин өндөр, оюутан залуус маань сурах үйлсдээ хичээнгүйлэн шамдаж, хөдөлмөрлөж байгааг илтгэж байгаа юм.
Мөн хүний их эмчийн хөтөлбөрт Бүгд найрамдах Солонгос улсын 5, Канад улсын 1, Бүгд Найрамдах Лаос Ард улсын 4 оюутан, нийт гадаадын 10 оюутан төгсөж байна. Үүнээс гадна урлаг, спортын өндөр амжилтыг Монголд улсад төдийгүй олон улсад гарган төрөлх сургуулийнхаа нэрийг дуургасан олон улсын хэмжээний мастер, дээд лигийн тамирчин оюутнууд төгсөж байна.
Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хөтөлбөрөөр суралцах талаар тусгагдсан бөгөөд манай сургууль ASIIN, APHEA, ACQUIN олон улсын магадланд Хүний их эмч, Нийгмийн эрүүл мэнд, Сувилагч, Шүдний их эмч, Эм зүй, цахим магистрын хөтөлбөрүүдээ амжилттай магадлан итгэмжлүүллээ.
Эдгээр магадлан итгэмжлэл нь манай төгсөгчид өөрийн улсаас гадна дэлхийн хаана ч ажиллаж амьдрах боломжийг бүрдүүлж, дипломыг хүлээн зөвшөөрүүлж буй өндөр ач холбогдолтой юм." гэдг,ийг онцлов.