Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус VI хуралдаанаар нийт 15 асуудал хэлэлцлээ.
“Дулааны V цахилгаан станц” төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барихыг дэмжлээ.
Баянгол дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэр Дулааны II цахилгаан станцаас 400 метрийн зайд үндсэн сангийн талбайд баригдах уг Дулааны V цахилгаан станц нь 300 МВт цахилгаан эрчим хүч, 340Гкал/цаг дулааны эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай юм.
“Хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр” төслийг дэмжлээ.
Морингийн давааны төвлөрсөн хогийн цэгийг түшиглэн барих бөгөөд хог хаягдлын менежментийг сайжруулж, эдийн засгийн эргэлтэд оруулах, хөрс, орчны бохирдлоос сэргийлж, хүлэмжийн хийг бууруулахад чухал ач холбогдолтой.
Улаанбаатар хот дөрвөн улирлын хүлэмжтэй болно.
Улаанбаатар хотод дөрвөн улирлын хүлэмж буюу Монгол-Хятадын хамтын ажиллагааны хүнсний ногоо тариалах шинжлэх ухаан, технологийн жишиг парк байгуулах төслийн хүрээнд “Улаанбаатар 4 улирлын хүлэмж” төсөл хэрэгжүүлэхийг дэмжлээ.
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо.
"Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв"-ийг нийслэлийн Өмч хувьчлах комисс хуралдаж, менежментийн гэрээгээр ажиллуулах 73 дугаар тогтоолыг хүчингүй болгож, нийслэлийн өмчид буцаан авсан. Учир нь тус эмнэлэг нь батлагдсан төсвийг зориулалтаар нь ашигладаггүй, санхүүгийн тайлангаа өгдөггүй, цалингийн 205 сая, НДШ-ийн 910 сая, татварын 507 сая, эм оношлуурын 575 сая, хүнсний 555 сая, газрын төлбөрт 48 сая төгрөг зэрэг өр төлбөртэй болох нь тогтоогдсон. Тэгвэл НИТХ-аар тус эмнэлгийг Сонгинохайрхан нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болгон 130 ортой, 12 төрлийн кабинет, хүүхэд, дотор, элэг судлалын чиглэлээр эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлдэг эмнэлэг болгохыг дэмжлээ.