Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө

Arslan.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар хүрэлцэн ирсэн Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгч Александр Ван дер Беллений төрийн айлчлал өндөрлөлөө.

Айлчлалын хүрээнд төрийн тэргүүн нар албан ёсны хэлэлцээ хийж, үр дүнгийн талаар хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөлд мэдээлэл өглөө.

Хэлэлцээний үеэр ардчилал, хүний эрх, хууль дээдлэх нийтлэг үнэт зүйлсэд суурилсан харилцаагаа гүнзгийрүүлж, улс төр, эдийн засаг, боловсрол, шинжлэх ухааны салбарт өргөн хүрээнд хамтран ажиллахаар тохиролцлоо.

Монгол Улсын “Алсын хараа-2050”, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, “Илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөр зэргийг үр дүнтэй хэрэгжүүлэх, дэд бүтэц, хөдөө аж ахуй, эрүүл мэнд, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, аялал жуулчлал, технологи, оюутан солилцоо зэрэг чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэхээр боллоо.

Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосноос хойш 62 жилийн дараа Австрийн Ерөнхийлөгчийн хувиар анх удаа хийсэн айлчлалын хүрээнд талууд “Монгол-Австрийн Хамтарсан тунхаглал” гаргасан нь харилцаа, хамтын ажиллагааг бүх талаар өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал түлхэц боллоо.

 

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
55040