БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо зохион байгуулагдаж буй “Олон улсын эрэн хайх, аврах зөвлөлдөх бүлэг”–ийн заавар, стандартын дагуу явагдаж буй “Хүнд” ангиллын гадаад давтан аттестатчилалын үйл ажиллагаанд манай улсын төлөөлөл амжилттай оролцож байна.
Монгол Улсаас ОБЕГ-ын Газар хөдлөлт болон хот доторх эрэн хайх, аврах ажиллагааны хэлтсийн дарга, дэд хурандаа Б.Ганболд болон ахлах дэслэгч Б.Гэрэлзаяа нар уг арга хэмжээнд оролцож, олон улсын жишиг, туршлагыг судалж, харилцан туршлага хуваалцаж байна.
Энэхүү аттестатчилалд БНХАУ-ын олон улсад үүрэг гүйцэтгэдэг “Хүнд” ангиллын аврах баг гурав дахь удаагаа оролцож байгаа бөгөөд 2009 оноос хойш тус улсын хувьд энэ бол дахин итгэл, нэр хүндээ баталгаажуулах чухал шалгуур болж байна.
Арга хэмжээнд Оман, ОХУ, Австрали, Беларусь, Норвеги, Шинэ Зеланд, Англи, Герман, Франц, Малайз, Сингапур, Катар, Швейцарь, БНСУ зэрэг дэлхийн 19 орны мэргэшсэн төлөөлөгчид оролцож, мэргэжлийн түвшинд хяналт тавин ажиллаж байгаа бол нийт 8 улсын 25 ажиглагч тухайн процессийг анхааралтай ажиглаж байна. Энэ бол Монголын аврагчид дэлхийн түвшний дадлага, туршлагатай танилцаж, олон улсын хэмжээнд харилцан ойлголцол, хамтын ажиллагааг бэхжүүлэх чухал алхам юм.