Монгол цэргийн нэгдсэн холбооноос олон улсын энхийг сахиулагчдын өдрийг тохиолдуулан төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудаас НҮБ-ын болон олон улсын цэргийн ажиллагаанд оролцож, энхийг сахиулах ажиллагааны анхны зам мөрийг татсан анхдагч зарим офицер, ахлагч нарт хүндэтгэл үзүүлэх ёслолын арга хэмжээг өнөөдөр зохион байгууллаа.
Тус арга хэмжээнд Онцгой байдлын байгууллагын анхны эмэгтэй энхийг сахиулагч ОБЕГ-ын харьяа Давтан сургалт, сэргээн заслын төв-113 дугаар ангийн их эмч, хошууч Э.Өлзийжаргал оролцсон юм.
Тэрээр 2014-2015 онд НҮБ-ын БНӨСУ-д явагдсан UNIMISS ажиллагааны Мотобуудлагын IV батальоны Байлдааны хангалтын ротын Эмнэлгийн бүлэгт дотрын эмчээр үүрэг гүйцэтгэсэн билээ.
МЦНХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга дэслэгч генерал Ц.Тогоо арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ даян дэлхийн энхийн үйлсэд гар бие оролцох эрх зүйн үндсийг бүрдүүлэх, улмаар гадаадад цэргээ оруулах нь Монгол Улсын аюулгүй байдал, тусгаар тогтнолыг улс төр, дипломатын аргаар хангах үйл хэрэгт томоохон түлхэц болж, манай улсын бие даасан гадаад бодлогын илэрхийлэл болсныг дурдаад, энхийг сахиулах ажиллагаанд монгол цэрэг оролцож эхэлсэн нь цэргийн бэлтгэл, сургалтын түвшин дээшлүүлэх, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын гар нийлсэн хамтын ажиллагааг бэхжүүлэх, цэргийн алба хаагчдын мэргэжлийн бахархлыг өдөөн бадраах, улмаар монгол цэрэг дэлхий дахинд үнэлэгдэх үндсийг тавьсныг онцоллоо.
Ёслолын үеэр энхийг сахиулах ажиллагааны анхдагч нар дурсамжаа хуваалцаж, МЦНХ-ны үйл ажиллагаатай танилцахын зэрэгцээ “Энхийн төлөө хамтдаа” уриан дор гэрэл зураг татууллаа.