Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төсөл /Засгийн газар 2025.04.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг, асуулт, хариулт 90 минут/ хэлэлцэж байна. Төсвийн байнгын хорооны танилцуулгыг УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн хийлээ.
УИХ-ын гишүүд асуулт асууж байна.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж "Малаа эрүүл байлгах нь их чухал байна. Бид малаа эрүүл байлгаж байж экспортлоно. Хувийн мал эмнэлэгт даатгахаар тэр эмнэлгийг нь тухайн сумын Засаг дарга нь шууд захирч асуудлаа шийдвэрлэж чаддаггүй. Жаахан ажил муутай байвал ямар ч тарилга хийдэггүй. Сүүлдээ малчид нь өөрсдөө тарилгаа хийдэг. Иймэрхүү нөхцөл байдалтай байгаа. Хувийн хэвшилд даатгасан боловч харамсалтай нь энэ бодлогод сайн нийцэж чадахгүй байна.
Малын эмч ажиллана гэхээр төрийн албаны шалгалт авдаг. Сум дээр 6 удаа шалгалтад орсон ч хүн байна. Мал тарихад тэр хүнээс заавал эрүүгийн хууль асуух ямар шаардлага байна вэ.
Тэр хүмүүст тусгай арга хэмжээ зохион байгуулж, Төрийн албаны зөвлөлтэй хамтран өөрсдийнх нь мэддэг мэдлэгийн хүрээнд шалгалт авч, малын эмчээр томилох хэрэгтэй.
Малын эрүүл мэнд маш хүнд байна. Хүйтэн орон руу мах экспортлох ажил эрчимжинэ. Ирэх намраас энэ боломж бий болох учраас бэлтгэл ажилд анхаарах хэрэгтэй.
Малын эмчээр ажиллахад заавал Удирдлагын академид сур гэнэ. Тэр ямар хэрэгтэй юм бэ.
Тэрнээс нь болоод иргэдийн ажил төрөл нь явахгүй байна. Ийм юмаа хөнгөлж, хялбаршуулах хэрэгтэй." гэв.