Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төсөл /Засгийн газар 2025.04.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг, асуулт, хариулт 90 минут/ хэлэлцэж байна. Төсвийн байнгын хорооны танилцуулгыг УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн хийлээ.
УИХ-ын гишүүд асуулт асууж хариул авч байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц "Засгийн газраас өргөн барьсан 2026 оны хөгжлийн төлөвлөгөөгөөр арга хэмжээний 33 хувь нь гишүүдийн оруулсан саналын 41 хувь нь зам барих буюу автомашинд зориулагдсан байгаа.
Өнгөрсөн хугацаанд бид улсаараа "Зам дагаж хөгжил" гээд буруу яриад, буруу хэрэгжүүлж ирсэн. Зам дагаж хөгждөг, зам барьж хөгждөг улсууд бол автомашин үйлдвэрлэдэг улсуудад л тэгэж хэлдэг. Тэр улсуудын зөвлөхүүд нь ирээд биднийг зам барь гээд байдаг. Төсвийн төлөвлөгөөний ихэнх нь зам барих ажил руу татвар төлөгчдийн мөнгийг зарцуулаад байдаг.
Цаашид үйлдвэрлэлийг хөгжүүлэхээр зорьж байгаа улс бол нэгдүгээрт боловсрол, хоёрдугаарт эрүүл мэнд гуравдугаарт эрчим хүчний гэсэн гурван салбарт хөрөнгө оруулах ёстой.
Харамсалтай нь боловсролдоо 5, эрүүл мэндэд 3-хан хувийг зарцуулах нь ээ.
Өнөөдөр эмнэлэг оочертой, ор нь хүрэлцэхгүй, сургуулиуд нэг ангидаа 55-аас дээш хүүхдүүд чихцэлдээд сууж байхад бид нар төлөвлөгөөнийхөө 33 хувь, гишүүдийн саналын 40 гаруй хувь нь зам барья гээд ороод ирж болохгүй. Тиймээс цаашид бид төсөв арга хэмжээгээ төлөвлөх ёстой" гэв.