Олон улсын олимпын хорооны Эв санааны нэгдлээс “Милан Кортина 2026” өвлийн олимпын наадамд оролцох тамирчдад эрхээ авахад нь дэмжлэг үзүүлэх, тэдний өрсөлдөөнийг нэмэх зорилгоор урт хугацааны хөрөнгө оруулалт болгон тэтгэлэгт хөтөлбөрт хамруулж байгаа билээ.
Тус хөтөлбөрт хамрагдаж буй тамирчид, дасгалжуулагч, холбооны төлөөллийг ОУОХ-ны гишүүн, МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг, МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган нар “Олимпик хаус”-т хүлээн авч уулзан, тэтгэлэг гардуулж бэлтгэл сургуулилалтын явц, олимпын эрхийн тэмцээнүүдэд хэрхэн оролцох талаар мэдээлэл солилцсон байна.
Ирэх оны хоёрдугаар сарын 22-ныг хүртэлх хугацаанд хүртэлх хугацаанд хамрагдах энэхүү тэтгэлгийг гүйлтийн цанын тамирчин Б.Ачбадрах, О.Золбаяр, Т.Ариунболд, тэшүүрийн шорт трэйкийн тамирчин Б.Гэрэлтуяа нар авч байгаа юм. Тэднээс гүйлтийн цанын хоёр тамирчин олимпын эрхийн болзол хангасан бөгөөд дахин хоёр тамирчныг оролцуулах боломжийг судалж байгаа аж. Ингэхдээ уулын цанын төрөлд дэмжлэг үзүүлбэл эрх авах боломжтой онцолжээ. Эрхээ өвөртөлсөн хоёр цаначин ирэх долоодугаар сард роликтой цанын тэмцээнд оролцох юм байна.
Харин тэшүүрийн тамирчид ирэх сараас Солонгост хамтарсан бэлтгэлд оролцож, улмаар аравдугаар сараас дэлхийн цомын олимпын эрхийн оноо олгох дөрвөн цуврал тэмцээнд өрсөлдөх ажээ.