Өнөөдөр Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн удирдлагууд 2019 оноос хойш хамтран ажиллаж буй Тайваний Цэргийн гурвалсан үйлчилгээт нэгдсэн эмнэлгийн удирдлага, төлөөллийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтад УНТЭ-ийн Ерөнхий захирал Л.Бямбасүрэн, Тайваний Цэргийн гурвалсан үйлчилгээт нэгдсэн эмнэлгийн ... Yuan-Hao, Chen, Эмчилгээ эрхэлсэн дэд захирал О.Баярмаа, Сувилахуй эрхэлсэн дэд захирал Ц.Амаржаргал болон бусад төлөөлөгч, эмч, мэргэжилтнүүд оролцлоо.
Энэ үеэр УНТЭ-ийн Ерөнхий захирал Л.Бямбасүрэн “УНТЭ нь Тайвань Улстай 2018 оноос эхлэн хамтран ажиллаж эхэлсэн. Үүний дараахан бид Тайвань Улсын Цэргийн гурвалсан үйлчилгээт нэгдсэн эмнэлэгтэй хамтын ажиллагаагаа эхлүүлж уушги, харшил, зүрх судасны мэс засал, ходоод гэдэсний дурангийн эмчилгээний чиглэлээр эмч, сувилагч, техникч, инженер зэрэг 30 гаруй эмнэлгийн мэргэжилтнийг сургаад байна. Бидний хамтын ажиллагаа УНТЭ-ийн түүхт 100 жилийн хугацаанд хийж хэрэгжүүлсэн томоохон ажлын нэгт зүй ёсоор бичигдэнэ.” гэдгийг энэ үеэр онцолсон юм.
Тайваний Цэргийн гурвалсан үйлчилгээт нэгдсэн эмнэлгийн захирал Yuan-Hao, Chen
Улсын Нэгдүгээр төв эмнэлэгт дахин хүрэлцэн ирсэндээ баяртай байна. Бидний үйл ажиллагаа анх 2019 онд эхэлсэн бөгөөд коронавирусийн цар тахлаас үүдэж цахимаар хамтын ажиллагаагаа үргэлжлүүлж байсан.
Бидний хувьд УНТЭ-тэй маш олон чиглэлээр хамтран ажиллах боломжтой. Бид эхний ээлжинд зүрхний нээлттэй мэс заслыг хийх эмч, сувилагч, мэдээгүйжүүлгийн эмч, тоног төхөөрөмжийн мэргэжилтнүүдийг бэлтгэх тал дээр хамтран ажиллаж Тайваний цэргийн гурвалсан эмнэлэгтээ сургалтыг зохион байгуулсан. Сургалтад хамрагдсан эмч, мэргэжилтнүүдийг харахад аливаа зүйлсийг маш хурдан сурдаг, хүсэл эрмэлзлэл өндөртэй хүмүүс байсан.
Бид УНТЭ-тэй хийж буй хамтын ажиллагаагаа өргөжүүлж, Монголчуудын эрүүл мэндийг сахин хамгаалахад их хувь нэмэр оруулахыг хүсч байна.
УНТЭ-ийн Эмчилгээ эрхэлсэн дэд захирал О.Баярмаа:
УНТЭ нь Тайваний Цэргийн гурвалсан үйлчилгээт нэгдсэн эмнэлэгтэй 2019 онд хамтын ажиллагаагаа эхлүүлж, 2022 оноос энэ үйл ажиллагаагаа идэвхжүүлсэн. Бид өнгөрсөн хугацаанд хамтын ажиллагааны хүрээнд зүрхний нээлттэй мэс засал, хоол боловсруулах замын дурангийн чиглэлээр тус улсад эмч, мэргэжилтнүүдээ бэлтгэх, сургах, хамтарсан олон улсын хурлыг зохион байгуулах, зочин профессорыг урьж ажиллуулах зэрэг олон ажлыг хийсэн. УНТЭ-ээс нийт 33 эмч, мэргэжилтин тус улсад туршлага судлаж, сургалтад хамрагдаад байна. Өнөөдөр тус эмнэлгийн төлөөлөгчид УНТЭ-ийн удирдлагуудтай уулзан хамтын ажиллагааны үйл ажиллагаагаа өргөжүүлэх талаар ярилцаж, эмнэлгийн үйл ажиллагаатай танилцаж байна. Цаашид бид мэдрэл, бөөрний мэс засал, элэг шилжүүлэн суулгах мэс заслаар хамтран ажиллах талаараа санал солилцлоо. Мөн дотрын болон эрчимт эмчилгээний эмч, сувилагч нарыг эмнэлгийн халдваруудтай хэрхэн тэмцэх, урьдчилан сэргийлэх талаар сургалт авч хамтран ажиллахаар боллоо.
Анх тус эмнэлэгтэй зүрхний мэс заслын чиглэлийг өргөжүүлэх зорилгоор хамтын ажиллагааг эхэлж байсан бол өнөөдөр ийнхүү өргөжиж бүх төрлөөр хамтран ажиллах боломж нээгдэж байна.