ХӨСҮТ-ийн Зөвлөх эмч Ц.Чинбаяр цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.
Тэрээр "Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасагт найман хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Эдгээр хүүхдүүдийн гурав нь маш хүнд, зохиомол амьсгалын аппараттай байна.
Эдгээр хүүхдүүдийн зургаа нь вакцинд хамрагдах нас нь болоогүй буюу 0-8 сартай хүүхдүүд байгаа бол үлдсэн хоёр хүүхэд нь хавсарсан хүнд өвчний улмаас вакцин хийж болохгүй эсрэг заалттай хүүхэд байна.
Нийтдээ 164 0-2 насны хүүхдүүд ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байна. Эдгээр хүүхдүүдийн дийлэнх нь дархлаажуулалтад хамрагдаагүй, цөөхөн хэдэн хүүхэд нь бүрэн тунд хамрагдаагүй байна.
Тиймээс бид дархлаажуулалтад хамрагдаагүй бага насны хүүхдүүдээ хамгаалахын тулд өөрсдөө дархлаажуулалтад хамрагдах хэрэгтэй байна. Үүнээс гадна бага насны хүүхдүүдээ олон нийтийн газраар авч явахгүй байх, гурав болон түүнээс дээш өдөр өндөр халуурвал эмнэлгийн байгууллагад хандах хэрэгтэй байна.
Эмнэлгийн байгууллагууд шалтгаан нь тодорхойгүй халуурсан хүүхдүүдийг улаанбурханы тохиолдол байж болзошгүй гэж үзэж, тусгаарлаж үзэх хэрэгтэй байна." хэмээлээ.