ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Э.Анхбаяр:
Улаанбурханаар өвчилсөн 5 хүн тутмын 1 нь хүндрэх эрсдэлтэй. Ялангуяа вакцин хийлгээгүй 0-9 сартай хүүхдүүд хүндрэх эрсдэл өндөр байна. Хичээл, сургууль амарч эхэлж байгаа эдгээр өдрүүдэд улаанбурхан өвчний халдварлалт буурах хандлагатай хэдий ч хөдөө орон нутагт тархах эрсдэлтэй байна. Өнөөдрийн байдлаар 18 аймагт улаанбурханы халдварын тохиолдол бүртгэгдсэн. Хамгийн их бүртгэгдсэн аймаг нь Өмнөговь, Дундговь аймаг байна. Эдгээр аймгууд орон нутагтаа зохицуулалт хийгээд, ХӨСҮТ-өөс зөвлөгөө зөвлөмж аваад ажиллаж байгаа. Бусад аймаг, хөдөө орон нутагт бэлэн байдлыг хангуулан ажиллаж байна.
Зарим иргэдийн хувьд харшил, тууралтыг улаанбурхантай андууран ХӨСҮТ-д ирж, үзүүлэх үеэрээ халдвар авах тохиолдол байна. Тиймээс бид нийслэлийн есөн дүүргийн эмнэлгийн ажлыг идэвхжүүлэх, дүүргийн хүлээн авах дээр үзүүлэх чиглэлийг эмнэлгийн байгууллагуудад өгч ажиллаж байна.