УНТЭ-ийн Бөөр шилжүүлэн суулгах багийн хамт олон 2006 оноос хойш тасралтгүй ажиллаж, өнөөдрийн байдлаар Монгол Улсад 410 дахь иргэнд бөөр шилжүүлэн суулгах эмчилгээг хийгээд байна.
Тэр дундаа хүүхдэд бөөр шилжүүлэн суулгах 14 мэс засал УНТЭ-ийн Эд, эс эрхтэн шилжүүлэн суулгах төвд хийж байсан бол энэ онд ЭХЭМҮТ-тэй хамтын ажиллагааны гэрээ байгуулсаны үндсэн дээр ЭХЭМҮТ дээр анхны мэс заслыг өнгөрсөн дөрөвдүгээр сард амжилттай хийсэн юм. Энэхүү мэс заслын реципиент нь 13 настай хүүхэд байсан бөгөөд ээж нь хүүхэддээ бөөрний донор болжээ.
Энэ талаар УНТЭ-ийн Бөөр шилжүүлэн суулгах багийн ахлагч М.Эрдэнэсайхан эмчээс тодрууллаа.
Тэрбээр, "УНТЭ, ЭХЭМҮТ нар хамтын ажиллагааны гэрээнийхээ хүрээнд анхны бөөр шилжүүлэн суулгах мэс засал хийгдсэн.
Одоо өвчтөн биеийн байдал болон эмийн тун тогтворжоод, бөөрний дутагдлаас бүрэн гараад гэртээ аав ээжийн асаргаанд очсон. Ээж нь донор болсон.
УНТЭ-т хүүхдэд бөөр шилжүүлэн суулгах мэс засал 14 удаа хийгдсэн. Хүүхдийн эрхтэн шилжүүлэх мэс засал өвөрмөц байдаг. Учир нь хүүхдэд хийгдэх мэс заслын багаж төхөөрөмжөөс эхлээд мэс заслын эмч нар, мэс заслын асаргаа, тусламж үйлчилгээ хүүхдэд чиглэсэн байдаг юм" гэв.