Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны зургадугаар сарын 04-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
ГБХНХ-ын сайдын үүрэг гүйцэтгэгч Л.Энх-Амгалан "Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Нийгмийн даатгалын багц хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо.
Огцорчихоод ийм шийдвэр гаргаж байгаа юм бэ гэж шүүмжилж магадгүй. Энэ хууль өөрөө цаг хугацаа шаардсан, олон нийтийн дунд хэлэлцүүлэг хийх шаардлагатай учраас цаг хугацаа нь ингэж таарлаа.
Цаашдаа тэтгэврийн доод хэмжээ гэдэг ойлголт байхгүй болно.
Одоо бол 20-оос дээш жил ажилласан даатгуулагч ажилласан хугацаанаасаа хамаараад ижил хэмжээний буюу тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэвэр тогтоолгодог. Үүнийг өөрчилж 10-аас дээш жил ажилласан иргэн бүр ажилласан хугацаанаас хамаарсан суурь тэтгэвэртэй болох юм.
Мөн өнөөдөр Засгийн газар ажил олгогчдын төлдөг НДШ-ийн хоёр хүртэлх хувь, иргэний төлж буй НДШ-ийн дөрөв хүртэлх хувийг өөрийнх нь нэр дээр хуримтлал болгох хуулийн төслийг УИХ-д өргөн барихаар боллоо.
Хөдөлмөр эрхэлж буй иргэдийн НДШ төлөх хязгаарыг хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр хязгаарласан. ААН-үүдэд ямар нэгэн хязгаар байгаагүй. Тиймээс адилхан хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр хязгаарлана. Ингэснээр ААН-үүд ажилчиддаа өндөр цалин олгосон ч их шимтгэл төлөхөөргүй болж байна.
Хөлсөөр, гэрээгээр гүйцэтгэсэн ажлын орлогоос НДШ авахгүй.
Ажил олгогчдын төлдөг НДШ-ийг 2.5 хүртэлх хувиар хөнгөлнө. Нийгмийн даатгалын сангийн нийт орлого 5.6 их наяд. Үүнээс ажил олгогчдын төвлөрүүлж байгаа орлого 2.7 их наяд байдаг. Үүний 500 тэрбумыг нь хөнгөлнө гэсэн үг. Энэ бол 4000 айлыг орон сууцны зээлд хамруулах хэмжээний мөнгө.
Оюутнууд ажил хийвэл НДШ-ээс чөлөөлнө. Ахмадууд хөдөлмөр эрхэлбэл НДШ-ээс чөлөөлнө" гэв.