"ДЦС-3" ТӨХК-д гарсан үйлдвэрлэлийн осол болон хүний амь эрсэдсэн асуудлаар МЭХГУУ-н ҮЭ-ийн холбооноос өнөөдөр /2025.06.05/ мэдээлэл хийлээ.
Эрчим хүчний салбарын төлөөлөл буюу МЭХГУУҮЭ-ийн холбооны Эрчим хүчний салбар хариуцсан дарга Д.Эрдэнэбат "Эрчим хүчний яам засаглалын хямралд орсон. Өөрийн хэрэгжүүлэх ёстой бүх чиг үүргээ шилжүүлсэн.
Сүүлдээ Эрчим хүчний сайд нь хариуцлагаас зугтаагаад "Эрчист Монгол" ХХК руу чихэж, хоорондоо асуудлаа шидэлцээд сууж байна. Ажиллах хүчнээ бодсон нэг ч шийдвэр гаргаагүй. Ажиллах хүчнээ бүрдүүлэхдээ намын томилгоогоор хийж байна. Дарга нар намын томилгоогоор томилогддог байсан бол сүүлдээ инженер, техникийн ажилтнуудаа хүртэл намын томилгоогоор хийж байна. Үе үеийн сайд нар ажиллах хүчнээ бодсон шийдвэр гаргаж байгаагүй, ажилчидтайгаа нэг ч удаа уулзаж байгаагүй. Сүүлдээ эрчим хүчний салбарт ажиллах хүн олдохгүй байна.
Хоорондоо асуудлаа шидэлцэх биш, засаглалаа сайжруулах ёстой. Хариуцлагаа хүлээх ёстой. Бид ч мөн шаардаж, шахаж ажиллах болно." гэв.
Мөн энэ үеэр А.Дагвадорж ""ДЦС-3"-ын эвдрэл гарсан төхөөрөмжийг хэвийн ажиллагаанд оруулахад багадаа 24 сарын хугацаа шаардана. Ирэх өвөл нийслэлчүүд дулаантай байх эсэх нь эргэлзээтэй байна" гэв.