Өнөөдөр НЦУГ-ын хурлын танхимд эрх хязгаарлах саатуулах үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудал, хүний эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, алба хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлж хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор "Эрх хязгаарлах саатуулах үйл ажиллагаанд хүний эрхийг хангах нь" сэдвийн хүрээнд Хууль, зүй дотоод хэргийн яам, Нийслэлийн прокурорын газар, ХЭҮК, Цагдаагийн байгууллагын алба, нэгжүүдийн төлөөллийг оролцуулан уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулж байна.
Энэхүү уулзалт хэлэлцүүлэгт ХЗДХЯ, ХЭҮК, прокурор, цагдаагийн байгууллага болон Иргэнийн зөвлөлийн төлөөлөл оролцож байгаа нь асуудлыг олон талаас хэлэлцэн хамтын шийдвэр гаргаж эрх хязгаарлах саатуулах үйл ажиллагааны үед:
- хүний эрхийг хангах, гарч буй зөрчил, дутагдлыг арилгах
- гарц, шийдлийг олох,
- алба хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх чухал ач, холбогдолтой.
Уулзалт, хэлэлцүүлгийн илтгэл, мэдээлэл, санал, шүүмжлэлээс боловсруулагдсан “Зөвлөмж”-ийг практикт нэвтрүүлснээр хуулийг нэг мөр хэрэгжүүлэх, хүний эрхийг хангах, иргэдийн зөрчигдсөн эрхийг сэргээхэд үр дүнгээ өгөх юм.
НЦУГ-ын Хэрэг бүртгэх албаны чиглэлийн ахлах байцаагч А.Нансалмаа "Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад эрх бүхий албан тушаалтнууд хүний эрхийг хэрхэн хангаж байгаа вэ гэдэг тал дээр ХЭҮК, хяналт тавьж байгаа байгууллагуудтай хамтарч ажиллаж байгаа нь ач холбогдолтой болж байна гэж үзэж байна.
Хуулиараа хүний эрхийг хязгаарлах арга хэмжээг журмаар зохицуулсан байдаг. Энэ журмандаа зөрчлийн холбогдогчийг маатуулж байгаа тохиолдолд арга гэрт нь заавал 8 цагийн дотор мэдэгддэг. Мөн саатуулсан талаараа харьяа дүүргийн прокурорт мэдэгддэг. Саатуулагдсан иргэн өмгөөлөлгчид юм уу мэдэгдэхийг хүссэн хүнд нь мэдэгдэх байдлаар хүний эрхийг ханган ажиллаж байна" гэв.
НПГ-ын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Ч.Батбаяр "Нийслэлийн прокурорын газраас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа хэвийн явуулах, хүний эрхийг зөрчихгүй байх хууль тогтоомжийг хэрэгжүүлэх чиглэлээр ЦЕГ-ын Мэргэжил арга зүйн хэлтэстэй хамтраад дөрөвдүгээр сараас эхлэн 2 сарын хугацаанд хамтарсан ажлын төлөвлөгөө батлаад явж байна.
Өнөөдрийн хэлэлцүүлгээр тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх, цаашид энэ төрлийн алдаа дутагдлыг гаргуулахгүй байх, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хүний эрхийг зөрчүүлэхгүй байх чиглэлээр тодорхой уулзалт хэлэлцүүлгийг прокурор болон цагдаагийн байгууллагууд ХЭҮК-той хамтран зохион байгуулж байна. Энэ уулзалтаар хамтарсан зөвлөмж гаргахаар ажиллаж байна. " гэв.