Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ч.Мэндсайхан болон хурлын Эмэгтэйчүүдийн зөвлөлийн гишүүд Гүүд Нэйборс ОУТББ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Жон Хун Су болон тус байгууллагын төлөөллүүдтэй уулзаж, хүүхэд хамгааллын чиглэлээр хамтран ажиллах талаар санал солилцлоо.
Ингэхдээ Баянзүрх дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг гэрч, хохирогчийг хамгаалах “Цагаан шонхор” ТББ буюу хамгаалах байрны тохижилтын ажлыг хамтран хэрэгжүүлэх зэргээр хэд хэдэн бодит санал тавьсан.
Тус байгууллага нь 1991 онд БНСУ-д байгуулагдсан ашгийн бус, шашны бус, хүмүүнлэгийн, нийгмийн болон хүний хөгжлийг дэмжих Олон Улсын Төрийн Бус Байгууллага бөгөөд 2006 оноос эхлэн манай улсад үйл ажиллагаа явуулж байгаа аж.
Ядуурал, гай гамшиг, дарамт шахалтад өртсөн иргэдийн эрхийг хүндэтгэн, тэдний нөөц боломжид тулгуурлан чадваржуулж, хэнээс ч хараат бус амьдрахад нь дэмжлэг үзүүлэх зорилготой тус байгууллага нь Баянзүрх дүүрэгтэй олон талаар хамтран ажиллаж, үйл ажиллагаагаа явуулсаар ирсэн. Цаашид үүнийгээ өргөжүүлэн хөгжүүлэхээр боллоо.