Чуулганы өнөөдрийн хуралдаанаар нэгдүгээрт, Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явуулж байна.
Хууль санаачилагч УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан "Хот байгуулалтын тухай хууль 1998 онд анх батлагдаж, 2008 он шинэчлэгдэн батлагдсан. Энэхүү хуульд тухайн үеийн нөхцөл байдал, төвлөрөл багатай хүн амын байршлыг харгалзан үзэж, хот байгуулалтын ерөнхий зураг төслийг гаргаж, хэрэгжүүлж эхэлсэн. Сүүлийн 20 гаруй жил Улаанбаатар хотын хүн ам хоёр дахин нэмэгдсэн. Үүний улмаас сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ муудаж, нийгмийн суурь дэд бүтцийн хангамж алдагдаж, иргэдийн амьдрхах орчинд сөргөөр нөлөөлж байна.
Хот байгуулалтын тухай хууль болон тухайн цаг үеийн нөхцөл байдалд нийцүүлэн Хот төвөлөлтийн эрх зүйн үндэслэлийг тодорхойлсон боловч хүн амын төвлөрөл, хотжилтын эрчимтэй нөхцөлд дасан зохицохгүй байгаа нь өнөөгийн хүртээмжгүй, зохион байгуулалтгүй төлөвлөлтийн суурь шалтгаан болсон гэж үзсэн.
Энэ бүхний үр дагаварт хүүхдийн сурч боловсрох эрх хамгийн ихээр зөрчигдөж байна. Бидний хувьд хүртээмжтэй, чанартай боловсролын талаар олон асуудлыг хөндөж ярьдаг ч түүнийг бүрдүүлэх шаардлагатай эрх зүйн орчныг орхигдуулсан байгаа юм.
Жишээ нь, Баянгол дүүргийн Алтай хотхон 2008 онд ашиглалтад орсон боловч 5000 гаруй өрх 16 мянга орчим хүнтэй ч нэг ч сургууль, цэцэрлэггүй байна. Мөн Эрин, Хархорин зэрэг хотхонуулд улсын цэцэрлэг, сургуульгүйгээр ашиглалтад орсон. Тиймээс энэ хуулийн төслийг хэлэлцэж шийдвэрлэж өгөхийг хүсье. " гэв.