Хулгайд алдагдсан 18 адууг бойнд өгсөн бөгөөд хэргийг 17-29 насны дөрвөн залуу үйлдсэн байж болзошгүй байна. Тус хэргийн талаар ЦЕГ-аас мэдээлэл өглөө.
ЦЕГ-ын ХМТ-ийн ахлах, цагдаагийн хошууч С.Баярбилэг "Энэ сарын 7-ны өдрийн 19:30 минутын орчимд Хан-Уул дүүргийн 14-р хорооны нутаг дэвсгэрээс наадмын үйл ажиллагаанд оролцуулахаар бэлтгэгдэж байсан 18 тооны 5-12 насны адуу алга болсон гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулсан.
17-29 насны дөрвөн этгээдийг уг гэмт хэрэгт холбогдуулан, шалгалтын ажиллагаа явагдаж байна. Хулгайд алдагдсан морьдыг СХД-ийн нутаг дэвсгэрт байрлах мал бойны газар төхөөрсөн, нөхцөл байдал тогтоогдсон.
Эрүүгийн хуулийн 17 дугаар зүйлийн 12-т мал хулгайлах гэмт хэргийг тодорхой хуульчилж өгсөн байдаг. Мал хулгайлах гэмт хэргийг зохион байгуулалттай бүлэглэн, их хэмжээний хохирол учруулсан тохиолдолд 5-12 жилийн хугацаатай хорих ял шийтгэдэг" гэлээ.