Нийслэлийн цагдаагийн удирдах газраас төрийн байгууллага, албан тушаалтнууд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэн болон хуулийн этгээдийг өмчийн хэлбэр харгалзахгүй татан оролцуулж, хамтран ажиллах чиглэлээр “Хуулийн хэрэгжилт хангахад анхаарах асуудал” сэдэвт уулзалт хэлэлцүүлгийг өнөөдөр /2025.06.13/ зохион байгууллаа.
Уг хэлэлцүүлэгт Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс, худалдаа үйлчилгээний газар, Монголын ресторан, зоогийн газрын холбоо, Баарнуудын эрхийн холбоо, аж ахуйн нэгж, байгууллагын төлөөлөл, Хэрэг бүртгэх, Урьдчилан сэргийлэх алба, дүүргийн цагдаагийн газар, хэлтсийн алба хаагчид оролцлоо.
Хэлэлцүүлгийн үеэр НЦУГ-ын Хэв журмын хэлтсийн дарга Л.Амармөрөн “Нийслэлийн хэмжээнд согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй ААН байгууллагуудын төлөөллүүдтэй уулзалт хэлэлцүүлэг хийж байна. Энэ үеэр ААН-ээс бүртгэгдэж байгаа дуудлага мэдээлэл, гэмт хэрэг зөрчлийн талаар цагдаагийн байгууллагаас мэдээлэл өглөө.
ААН байгууллагуудын зүгээс хууль тогтоомжоо хэрхэн ойлгох, хуулийн хүрээнд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлж хэрэгжүүлэх чиглэлээр зөвлөмж өгч байна.
Бүртгэгдэж байгаа зөрчлүүдээс харахад, ААН-үүдэд гарч байгаа зөрчлүүдийн давтамж нь олон болдог. Тиймээс тулгамдсан ямар асуудал байгаа талаар санал солилцож байна.
Нөгөө талаас ААН-ээс шалтгаалахгүй иргэдийн хууль эрх зүйн мэдлэг дутмаг, ухамсар соёлоос шалтгаалан зөрчил гарах тохиолдол их байдаг. Тиймээс ААН-н хуулиа мөрдөж, гэмт хэрэг гарахгүй байх тал дээр хэрхэн ажиллах талаар гурван талт уулзалт хэлэлцүүлэг хийж, тулгамдсан асуудлын гаргалгааг хэлэлцэж байгаагаараа ач холбогдолтой.
Цагдаагийн байгууллагаас 2018 оноос эхлээд согтууруулах ундаатай холбоотой гэмт хэргийн гаралтыг бууруулах тодорхой давтамжтай нөлөөллийн арга хэмжээнүүдийг хийж байгаа. Нөлөөллийн арга хэмжээг явуулсан тухайн цаг үед гэмт хэрэг 40 хувь хүртэл буурсан үзүүлэлттэй гардаг ч аян дуусаад нэмэгдэх хандлагатай байдаг. Иймд иргэд заавал аян зохион байгуулж байж анхаарах биш, өдөр болгон хууль эрх зүйн мэдлэгтэй байж, зөрчил гаргахаас урьдчилан сэргийлэх нь чухал" гэдгийг онцлов.
Уг уулзалт, хэлэлцүүлэгт оролцсон байгууллага, аж ахуйн нэгжээс танилцуулсан илтгэл, мэдээлэл санал, шүүмжлэлээс “Зөвлөмж”-ийн төслийг боловсруулан, холбогдох байгууллага, албан тушаалтанд хүргүүлэн ажиллах юм байна.