2024 оны шилдэг өвлөн уламжлагчаар Ховд аймгийн Дуут сумын уугуул, найм дахь үеийн цуурч Б.Наранбат шалгарлаа

Arslan.mn

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 354 дүгээр тогтоолоор батлагдсан “Соёлын биет бус өвийг үндэсний болон дэлхийн хэмжээнд сурталчлан алдаршуулах, түгээн дэлгэрүүлэхэд онцгой хувь нэмэр оруулсан өвлөн уламжлагчид мөнгөн шагнал олгох журам”-ын дагуу жил бүр нэг өвлөн уламжлагчийг шалгаруулж, мөнгөн шагналаар шагнадаг уламжлалтай.

2024 оны шилдэг өвлөн уламжлагчаар Ховд аймгийн Дуут сумын уугуул, Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны иргэн, Монгол Улсаас ЮНЕСКО-ийн Яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн жагсаалтад 2009 онд бүртгэгдсэн “Цуур хөгжмийн уламжлалт урлаг” өвийг өвлөн уламжлагч, 8 дахь үеийн цуурч Б.Наранбат шалгарсныг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд батламжилж, шагналыг гардууллаа.

Б.Наранбат нь 1984 онд Ховд аймгийн Дуут сумын 2 дугаар багийн нутаг Асгат гэдэг газар Н.Буяндэлгэрийн зургаан хүүхдийн хоёр дахь хүүхэд болон мэндэлжээ. Түүний өвөө Паарайн Наранцогт (1921-2003) нь Монгол улсын нэрт цуурч, өвлөн уламжлагч байв. Б.Наранбат 6 настайгаасаа эхлэн өвөө болон ааваасаа цуур хөгжмийг гэрийн уламжлалаар сурч, эдүгээ 35 жил өвлөн уламжилж, түгээн дэлгэрүүлж байна. Б.Наранбат нь 2003-2008 онд Шинжлэх ухаан технологийн их сургуульд “Соёл судлаач” мэргэжлээр суралцаж, төгссөн. 2006 онд Монгол цуурын уламжлалт урлагийг хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Хүннү цуурчдын холбоо”-г үүсгэн байгуулж, цуур хөгжмийг урлах, урын санг хамгаалах сургалт, түгээн дэлгэрүүлэх, хөгжүүлэх арга хэмжээг олон нийтэд зориулан зохион байгуулж ирсэн.

Б.Наранбат 2009 онд цуур хөгжмийг ЮНЕСКО-ийн Яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгүүлэх багийн гишүүн, 2014-2016 онд “Монгол цуур” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хэсэгт тус тус ажилласан.

Arslan.mn

Тэрээр цуур хөгжмийн гайхамшгийг залуу хойч үед сургах, өвлүүлэн үлдээх, сурталчлах үйлсэд олон жил үр бүтээлтэй зүтгэж Америкийн Нэгдсэн Улс, Франц, Бүгд Найрамдах Хятад Ард Улс, Бүгд Найрамдах Тува Улсад аялан тоглолт хийсэн төдийгүй 2003-2024 оны хооронд 2000 гаруй цуур хөгжмийг урлаж, цуур хөгжмийг тоглох уламжлалыг 200 гаруй хүнд өвлүүлсэн. Б.Наранбат нь цуур хөгжмийг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх хүрээнд “Цуурын эгшиг баримтат кино”, “Уул усны цуурай” аудио CD, “Шүүдрийн дусал” теле нэвтрүүлэг бэлтгэхэд оролцож ажилласнаас гадна “Melodies de flute dun berger Mongol” ном, “Монгол цуур” гарын авлагыг бүтээж, “Монгол цуур 1” судалгааны бүтээлийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Соёл урлагийн их сургуультай хамтран хэвлэсэн. 2006 онд Франц Улсад зохиогдсон “Festival d automive a paris” фестивальд оролцож, Франц Улсын үндэсний радиогийн алтан фондод цуур хөгжмийн 8 аялгууг тоглож хадгуулсан.

2009 онд “Ардын урлагийн их наадам”-ын “Алтан од” алтан медаль, 2010 онд Монгол улсын засгийн газрын шагнал “Соёлын тэргүүний ажилтан” цол тэмдэг, 2015 онд Хөдөлмөрийн хүндэт медаль, 2010 онд Монгол улсын Соёлын биет бус өвийг ур чадварын өндөр түвшинд өвлөсөн Монголын билиг авьяастнуудын улсын жагсаалт”-д бүртгэгдэж “Батламж” гардан авсан бол 2019 онд “Соёлын биет бус өвийг өвлөн уламжлагчийн үндэсний жагсаалт”-д бүртгэгдсэн.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
55367