Монгол Улсад жил бүрийн 06 дугаар сарын 13-ны өдрийг “Ариутгалын нэг өдөр” хэмээн зарлаж, энэ чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй эмнэлгийн байгууллагын ажилчид цуглаж, асуудлаа хэлэлцдэг.
Тэгвэл Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн Халдварын сэргийлэлт, хяналтын албаны хамт олон эмнэлгийн түүхт 100 жилийн ойг угтан Монголын тархвар судлаач эмч нарын нийгэмлэг, Гүн тэнгэрийн нар ХХК-тай хамтран бүх эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн дунд уулзалт, сургалтыг зохион байгуулж байна.
Сургалтын үйл ажиллагааг нээж, УНТЭ-ийн Ерөнхий захирал Л.Бямбасүрэн хэлсэн үгэндээ “УНТЭ нь салбарын хэмжээнд анх удаа Ариутгал, халдваргүйжүүлэлтийн нэгдсэн тасагт цахим хөгжүүлэлтийг эхлүүлж, IOT технологийг нэвтрүүлээд ажиллаж байна. Өөрөөр хэлбэл бүх багаж, тоног, төхөөрөмжийг цахимжуулж эхэлсэн. Өмнө нь бид мэс засалд орох тоног төхөөрөмжийг тоолоод ширхэгээр нь хүлээлгэж өгдөг байсан бол одоо кодчилж, ямар тоног төхөөрөмжөөр хэн гэдэг иргэнд мэс засал хийсэн нь тодорхой болсон гэсэн үг.” гэдгийг онцоллоо.
УНТЭ-ийн Халдварын сэргийлэлт, хяналтын албаны дарга Б.Намуун:
Сүүлийн жилүүдэд дэлхий дахинд антибиотект тэсвэржсэн нянгаас үүдэлтэй томоохон дэгдэлтүүд гарч байна. Мөн гадаргуу дээр байрлах тэсвэржсэн нян нь хэвтэн эмчлүүлж буй өвчтөн болон ажилчдын дунд тархах тохиолдол гарч байна. Тиймээс эрүүл мэндийн байгууллагууд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн үр дүн сайтай халдваргүйжүүлэх бодис болон бусад техник, технологийг хэрэглэж байна. Сургалтын үеэр олон улсад ямар халдваргүйжүүлэх бодисыг хэрэглэж байгаа, тус бодисыг хэрэглэх болон хэрхэн устгах талаар мэдээллийг мэргэжилтнүүддээ өгч байна.
Сүүлийн жилүүдэд эмнэлгийн тоног төхөөрөмж шинэчлэгдэж, дэвшилтэт технологийг ихээр хэрэглэдэг болсон. Энэ хэрээр бид мөн хөгжиж, шинэ техник, технологийг үйлчилгээндээ нэвтрүүлэх, өндөр хөгжсөн улс орнуудын ашиглаж буй бодис, төхөөрөмжийг үйл ажиллагаандаа нэвтрүүлж эхэлсэн. Агаарын халдваргүйжүүлэлтийг бодисоор цэвэрлэдэг бол гадаргууг өмнө нь кварцаар ариутгадаг байсан бол өнөөдөр ионы лед гэрлээр халдваргүйжүүлж байна.
Сургалтад 21 аймаг болон есөн дүүргийн нэгдсэн эмнэлэг, лавлагаа шатлалын нийт 120 гаруй эмч, мэргэжилтнүүд оролцож байна.