Унгарын Будапешт хотноо болж буй Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эхний өдөр Монголын шигшээ багийн тамирчин К.Ёолк түүхэн амжилт гаргаж, хүрэл медалийн эзэн болсон юм.
24 настай залуу тамирчин анх удаа орсон ДАШТ-ээс ийнхүү медаль хүртэж, Монголын жүдогийн бахархал, эх орныхоо нэрийг дэлхийд дуурсгалаа.
Ингэснээр Монголын жүдо бөхийн шигшээ багийн дэлхийн аваргын 30 дахь медаль, түүний дотор 19 дэх хүрэл медаль эзэн нь болсон юм.
Энэ талаар К.Ёолк "Төсөөлөхийн аргагүй. Анхны дэлхийн аваргадаа оролцож, анхны медалиа авлаа. Би яг зүүдлээд байх шиг байна. Үнэндээ, тэр өдөр юу болсныг одоо ч сайн санахгүй байна. Бүх зүйл үнэхээр хурдан болоод өнгөрсөн. Сэтгэл хөдлөл ч дээд цэгтээ хүртсэн. Юу болоод байгааг ойлгоход хугацаа хэрэгтэй байлаа. Манайхан намайг сэрүүн зүүднээс минь сэрээч, дэлхийн медальтан болсныг минь хэлэх хэрэг гарсан даа" гэв.