Монголдоо анхдагч Солонгос Монголын хамтарсан "Evandis" энтертайнмент 2024 онд "Your Valintine", "Super concert 2024" KPOP тоглолтуудыг амжилттай зохион байгуулсан. Тэгвэл энэ удаад Kpop урсгалын томоохон төлөөлөл болох БНСУ-ын Big bang хамтлагийн дуучин Tae yang болон соло дуучин Ailee тэргүүтэй артистуудыг урьж, Улаанбаатар “Зүрхнээ” Super concert-2025 тоглолтыг зохион байгуулах гэж байна.
Энтертайнментын Гүйцэтгэх захирал Ко Сүн Хүн: Бид өнөөдөр Tae yang, Ailee-гийн оролцох “Super concert-2025” тоглолтыг албан ёсоор зарлаж байгаадаа маш баяртай байна. Энэхүү тоглолт маань зүгээр нэг хөгжмийн арга хэмжээ гэхээсээ илүүтэйгээр Монгол Улс, БНСУ-ыг холбох нэгэн том гүүр болж байгаа юм. Тодруулбал, хүний нөөцийг чадваржуулах, соёлын солилцоог бэхжүүлэх, олон улсын түвшинд хамтран ажиллах чадамжийг харуулах чухал ач холбогдолтой юм. Энэ нь зөвхөн Азийн бус, дэлхийн хэмжээний уран бүтээлчид, продакшн багууд Монголд ирж хамтран ажиллах боломжийг тэлж, соёлын бүтээлч үйлдвэрлэл, аялал жуулчлалын салбарт эерэг нөлөө үзүүлэх юм.
Бид энэхүү тоглолтыг хийснээрээ БНСУ болоод кпоп урсгалыг сурталчлах бус Монгол Улсыг дэлхийд сурталчлах зорилготой юм. Ийм том төсөл амжилттай хэрэгжиж байгаагийн нэг том шалтгаан нь “Evandis” энтертайнмент ганцаараа бус биднийг дэмжиж ажилладаг олон байгууллага байгаагийн нэг илрэл юм. Юуны түрүүнд ubcab үйлчилгээ гурван хоногийн туршид 24 цагаар бидэнтэй хамтран чухал үүрэг гүйцэтгэнэ.
Үүний дараа Монголын бахархал болсон МИАТ компанийн дэмжлэгтэйгээр тээврийн өндөр өртгийг багасгаж, дуучдын маань стандартад нийцсэн үйлчилгээг үзүүлж байгаад маш их баяртай байна.
Түүнчлэн Терра брэндэд талархал илэрхийлмээр байна. Ингээд сүүлд нь хамгийн халуун өдөр бидэнтэй үргэлж цуг байж, дуучдыг маань нисдэг тэргээр үйлчлэх болсон Пэпсигийн хамт олонд талархсанаа илэрхийлье.
Харин тоглолтын тухайд Tae yang тоглолтод 9-10 дуу дуулна. Тэр дунд өөрийнх нь ганцаарчилсан уран бүтээлээс гадна Big bang хамтлагийнхаа хэд хэдэн дууг дуулах болно. Хэрэв тоглолтын уур амьсгал сайхан байвал нэмээд 1-2 дуу дуулна гэж бодож байна” гэлээ.
Нийслэлийн соёл урлагийн газрын дарга Г.Мөнхчулуун: "Evandis энтертайнментын зохион байгуулж буй "Super concert-2025" арга хэмжээг Нийслэлийн соёл, урлагийн газар дэмжин ажиллаж байгаадаа маш их баяртай байна. Дэлхийд алдартай, А зэрэглэлийн артистууд олон улсын стандартад нийцсэн тоглолтоо нийслэл Улаанбаатар хотын залуучууд, урлагт хайртай иргэдэд маань хүргэх гэж байна. Улаанбаатар хот 2023 онд ЮНЕСКО-гийн Бүтээлч хотуудын сүлжээнд нэгдэж орсон. БНСУ бол олон жилийн өмнө Соёлын олон төрөл зүйлээр тус сүлжээнд нэгдэж орсон, манлайлагч улс юм. Иймд бид БНСУ-тай хамтран ажиллаж, соёлыг түгээх, хоёр орны залуусыг холбох гүүр болсоор ирсэн. Иймд бид энэ удаад энэхүү төсөлтэй хамтран ажиллахдаа бэлэн байгаагаа илэрхийлж байна" гэлээ.
Түүнчлэн “Super Concert 2025” тоглолт нь соёлын аялал жуулчлал, үйлчилгээ, худалдаа, медиа, аюулгүй байдал зэрэг олон салбараар дамжин дотоодын нийт бүтээгдэхүүнд (ДНБ) эерэг, олон талт нөлөө үзүүлнэ гэсэн тооцоолол, судалгаанууд гарсан байна.
Тоглолтын сүүлд зохион байгуулагчдын зүгээс “Super Concert-2025” тоглолтын дараагаас өшөө илүү оддыг урьж авчрах болно гэдгээ мэдэгдлээ.