Outlaw хамтлагийн бүтээсэн бүтээл бүхэн хит болж, дуулсан дуу бүхэн нь аманд аялагдаж, сэтгэл доглуулж, зүрхэнд хоногшдог.
Тэд байгуулагдсан цагаасаа хойш бүтэн концертын турш бүх л үзэгчдийг дагуулан дуулах ХИТ бүтээлтэй хамтлаг юм.
Outlaw хамтлаг өнгөрсөн намар үеийн хамтлагуудтайгаа нэгдэн хоёр ч удаа Төв цэнгэлдэх болон Socialpay park-ийг дүүргэж, гайхалтай тоглолтуудыг үзэгч фенүүддээ хүргэсэн.
Үүний дараа өнгөрсөн 9 дүгээр сарын 20-нд хамтлагийн 20 жилийн ойн тоглолт болох “Зүрхэн тэнгэрийн наран” тоглолтоо хийж, гадаа тэсгим хүйтэн байсан ч 30 орчим мянган хүн Socialpay park-д цуглаж, тоглолтын туршид хүн бүр бүх л дууг нь даган дуулж байсан нь тэд хүний сэтгэлд хүрсэн олон олон дууг хийж, бүтээсний илрэл хэмээн огшмоор...
Үүгээр ч зогсохгүй 21 аймгаа тойрч “Зүрхэн тэнгэрийн наран” аялан тоглолтоо хийсэн бөгөөд тоглолт бүр нь үзэгч дүүрэн байж, үзэгч фенүүд нь дахин тоглолт хийхийг урьж байсан нь Outlaw хамтлаг өөрсдийгөө хэрхэн бүтээснийг харуулж байгаа юм.
Тэгвэл Outlaw хамтлаг 20 жилийн ойн тоглолтынхоо хаалтыг төрөлх нутаг Эрдэнэт хотдоо 6 сарын 21-нд хийх гэж байна.
Тоглолтод 20 жилийн ойдоо зориулан хийсэн “Чамтай чамгүй”, “Салхин зүгт” зэрэг хит дуунууд эгшиглэхээс гадна дурсамж сэргээх сэтгэлд хоногшсон 30-35 хит дуугаа амьдаар дуулж, тоглолт 5-6 цаг үргэлжилнэ.
“Зүрхэн тэнгэрийн наран” хаалтын тоглолтын хөтлөгчөөр Фантастик продакшны жүжигчин Б.Барслхагва ажиллах бол тэдний уран бүтээлийн ах нар болох Дижитал хамтлагийн дуучин Эрка, Montarap хамтлагийн Билгээ, уран бүтээлийн найзууд болох Menzo, Flash, Mc Collection Munkhiin rap, Nuluu, Next, G18 зэрэг уран бүтээлчид хүрэлцэн ирж, түүхэн тоглолтыг хамтдаа бүтээх юм.