Гадаадын иргэн, харьяатын газраас энэ оны эхний таван сард гадаадын 19 улсын 716 иргэнийг Монгол Улсын хилээр нэвтрүүлэхгүй буцаажээ.
Хил дээрээс буцаасан иргэдийг улсаар нь авч үзвэл, БНХАУ-ын 518, БНСУ-ын 100, бусад улсын 98 иргэн байв.
Тэд манай улсад ирсэн зорилгоо тодорхойлж чадаагүй, зорчих зорилгодоо нийцээгүй ангиллын визтэй, тус улсад байх, буцаж явах хөрөнгийн эх үүсвэрийн баталгаагүй, визийн хүчинтэй хугацаа дууссан зэрэг шалтгаантай байжээ.
ГИХГ энэ оны эхний таван сард төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус 122 удаагийн хяналт шалгалтад 802 аж ахуйн нэгж, байгууллагын 11195 гадаадын иргэнийг хамрууллаа. Зөрчилд холбогдсон, гадаадын 5700 иргэн, 1330 уригч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авч, 422 иргэнийг албадан гаргасан байна. Энэ тоон үзүүлэлтийг өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад зөрчил гаргасан гадаадын иргэдийн тоо 76.03, албадан гаргасан иргэдийн тоо 80.34 хувиар нэмэгджээ.
Гадаадын иргэд ихэвчлэн оршин суух үнэмлэх эзэмших, ашиглах, хадгалах журам зөрчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхлэх, ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулах, визийн хугацаа хэтрүүлэх зэрэг зөрчил гаргадаг аж.