Засгийн газар анхны ээлжит хуралдаанаа хийж байна.
Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн 2025 оны төсвийн тодотголын талаар Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл хийлээ.
Тэрээр "Засгийн газрын хуралдаанд 2025 оны төсвийн тодотголын урьдчилсан танилцуулгыг хийлээ. Ирэх баасан гаригт дахин хуралдаж хэлэлцэхээр боллоо.
Төсвийн орлого тасарснаас үүдэлтэй төсвийн алдагдал жилийн эцэст 2.3 их наядад хүрнэ гэсэн судалгаа байгаа. Үүний 535 тэрбум төгрөг нь Төрийн хэмнэлтийн тухай хуулийн дээрх зохицуулалтын дагуу бий болчихож байна гэсэн үг. Үлдсэн 1.8 их наяд төгрөгийг нь төсвийн тодотголоор зохицуулах шаардлага үүсэж байна.
535 тэрбум төгрөг хөрөнгө оруулалтын зардлаас, 1.8 их наяд төгрөг урсгал зардлаас хасагдана гэсэн үг.
Үндэсний хороод, зарим яамдын харьяа агентлаг зэрэг төрийн байгууллагуудыг татан буулгах, нэгтгэх зэргээр урсгал зардлыг бууруулна.
Төрийн албан хаагчдын тоог 2026 онд есөн хувиар бууруулах тогтоолыг УИХ баталсан. Энэхүү тогтоолыг хэрэгжүүлж төрийн албан хаагчдын тоог цомхотгох ажил энэ удаагийн тодотголоос эхэлнэ. Есөн хувь гэдэг нь 14400 албан хаагч" гэв.