Иргэн Ө “ШГ” ХК-д холбогдуулан “Контрактын урамшуулал 300,000,000 төгрөг гаргуулах”-аар шаардан шүүхэд ханджээ. Гэсэн ч компани үүнийг эс зөвшөөрч “2020 онд ажлын үр дүнг дүгнэж, тушаалын дагуу урамшууллыг бүрэн олгосон тул нэхэмжлэл үндэслэлгүй” гэж маргасан байна.
Анхан шатны шүүх иргэн Ө-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон ч тэр давж заалдсан. Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд гомдлыг үндэслэлгүй гэж үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шийдвэрлэжээ.
Хэрэгт авагдсан баримтаас үзвэл иргэн Ө нь “ШГ” ХК-ийн ерөнхий захирлаар хоёр жилийн хугацаанд ажиллахаар 2018 онд “контрактын гэрээ”-г байгуулсан байна. Уг гэрээний 2.4-т “ажлын үр дүнг гүйцэтгэлээр дүгнэж, санхүүгийн жилийн эцэст 300,000,000 төгрөг хүртэлх урамшуулал олгоно” гэж заажээ.
Гэрээний хугацаа дуусахад хариуцагч компанийн захирлын тушаалаар Ө-д гэрээний 2.4-т заасны дагуу 2018-2019 оны ажлын үр дүнгийн гүйцэтгэлийн урамшуулалд 100,000,000 төгрөг, 2019-2020 оны урамшуулалд 200,000,000 төгрөг, нийлбэр дүнгээр 300,000,000 төгрөг олгохоор шийдвэрлэсэн байна.
Гэвч иргэн Ө үүнийг “2018-2019 оны урамшуулал юм, харин 2019-2020 оны урамшуулал 300,000,000 төгрөг аваагүй” гэж маргажээ.
Давж заалдах шатны шүүх талуудын хооронд байгуулсан гэрээний 2.4 дэх заалтыг “талууд ажлын үр дүнг жил болгон дүгнэх бус харин гэрээний хоёр жилийн хугацаа дуусахад дүгнэж, зохих урамшууллыг олгох” агуулгатай байна гэж тайлбарласныг үндэслэлтэй гэж үзэж шийдвэрээ гаргажээ.
Ташрамд дурдахад, контрактын урамшуулал гэж тухайн ажилтан, байгууллага эсвэл гэрээт этгээд нь контракт (гэрээ)-аар хүлээсэн үүргээ амжилттай, сайн гүйцэтгэсэн, зарим тохиолдолд хугацаанаасаа өмнө дуусгасан, эсвэл өндөр үр дүнтэй ажилласан тохиолдолд нэмэлтээр олгодог мөнгөн урамшуулал юм.
Эх сурвалж: Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх