Прокурорын байгууллага зургаадугаар сарын 16-20-ны өдрийг хүртэлх хугацаанд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 54672 эрүүгийн хэрэгт хяналт тавин ажиллажээ.
Дээрх хугацаанд 1248 гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл бүртгэгдсэн бол хэрэг бүртгэлтийн 785 хэрэг шинээр нээж, 340 хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна.
Тухайлбал, Р.Н нь нэр бүхий компанийн ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглан, итгэмжлэн хариуцуулсан хөрөнгийг хувьдаа давуу байдал бий болгох, ашиг хонжоо олох зорилгоор хамтран ажиллах гэрээтэй компаниуд руу орон сууц худалдан авахаар мөнгө шилжүүлж завшин, 576.1 сая төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан байна.
Уг хэрэгт Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2.1, 2.2 /Хөрөнгө завших/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлжээ.