2025 оны зургаадугаар сарын 23-ны 14:53 цагт, Онцгой байдлын ерөнхий газарт Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Сонсголонгийн гүүрний баруун талд бага насны хүүхдүүд “Туул” голын усанд орж байхад нэг хүүхэд живсэн тухай дуудлага иржээ.
Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид газар дээр очиход Сонгинохайрхан дүүргийн 36 дугаар хорооны оршин суугч А (14 настай эмэгтэй), мөн тус хорооны оршин суугч Э (14 настай эмэгтэй) нар “Туул” голын усанд сэлж байхдаа живсэн байжээ.
Иргэдийн тусламжтайгаар А-г амжилттай уснаас аварсан бол, Э-г эрэн хайх ажиллагааг яаралтай зохион байгуулж, 15:15 цагт голын эргээс 4 метрийн зайд, 2 метрийн гүнд байсан цогцсыг олж гарган, Хан-Уул дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст шилжүүлсэн байна.
Онцгой байдлын албанаас иргэд, эцэг эхчүүдийг хүүхдүүдээ харгалзагчгүйгээр усанд оруулахгүй байх, усны аюулгүй байдлыг хангаж, сэрэмжтэй байхыг анхааруулж байна.