Нийгмийн эрүүл мэндийн сөрөн тэсвэрлэх чадварыг дээшлүүлэх нь: БНСУ-Монголын цар тахлын бэлэн байдлын хамтын ажиллагаа олон улсын хурал өнөөдөр боллоо.
Хуралд ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат, ДЭМБ-ын суурин төлөөлөгч Соккоро Эскаланте, Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Ерөнхий захирал Э.Анхбаяр, БНСУ-ын Өвчний хяналт, сэргийлэлтийн газрын Эрүүл мэндийн аюулгүй байдлын газрын дарга Сун Ён Рэ, ХӨСҮТ-ийн дэд захирал О.Батбаяр болон бусад албаныхан оролцлоо.
Хурлын үйл ажиллагааг нээж, ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат хэлсэн үгэндээ “ДЭМБ, БНСУ-ын Элчин сайдын яам, БНСУ-ын Өвчний хяналт, сэргийлэлтийн газар, ЭМЯ, ХӨСҮТ хамтран “Бичил биетний тэсвэржилтийн эсрэг” хурлыг зохион байгуулж байна.
Бид цар тахлын үед ажиллах тогтолцоотой байх ёстой. Бүрэн тогтолцоотой байснаар гэнэтийн халдварт өвчин дэгдэх, дэлхийг хамарсан цар тахлыг давах туулах ёстой юм байна гэдгийг коронавирусийн цар тахал бидэнд заасан. Үүнээс гадна Монгол Улсад Өвчний хяналт, сэргийлэлтийн үндэсний төвийг байгуулах шаардлагатайг харсан. Тэр хүрээндээ БНСУ-ын Өвчний хяналт, сэргийлэлтийн Үндэсний төвтэй хамтран төвөө байгуулах ажлыг эхлүүлээд явж байна. Бид олон улсын туршлага, сайн чанарыг тусгасан үндэсний төвийг байгуулах ажил ид яригдаж байна” гэдгийг энэ үеэр онцоллоо.
БНСУ-ын Өвчний хяналт, сэргийлэлтийн газрын Эрүүл мэндийн аюулгүй байдлын газрын дарга Сун Ён Рэ:
“Бичил биетний тэсвэржилтийн сүлжээний гишүүн эмнэлгүүдэд хяналтын тогтолцооны оролцогч байгууллагуудад зориулсан сургалтыг зохион байгуулж байна. Сургалтын үеэр Бичил биетний тэсвэржилтээс хэрхэн урьдчилан сэргийлэх, ямар арга хэмжээ авах талаар Монгол Улс болон БНСУ-ын эрдэмтэд хэлэлцэж, илтгэлүүдээ танилцуулж байна.
БНСУ-ын хувьд улаанбурхан өвчнийг таслан зогсоосон улсын тоонд багтдаг. Монгол Улсын хувьд энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх болон таслан зогсоохын тулд дархлаажуулалтыг л идэвхжүүлэх хэрэгтэй.
Цаашид БНСУ, Монгол Улс хамтын ажиллагааны хүрээнд дархлаажуулалт болон эмч, мэргэжилтнүүдийг бэлдэх тал дээр байнга дэмжиж ажиллах бөгөөд ахиц гарна гэж найдаж байна”
Ионсэй их сургуулийн профессор И Хёг Мин:
ЭМЯ, ХӨСҮТ-тэй хамтран ажиллаж, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, ямар арга хэмжээг хэрхэн авах, вакцинжуулалтын төслийг эхлүүлсэн. Төсөл 2023 оноос эхэлсэн бөгөөд таван жилийн турш хэрэгжих юм.
Төслийн хүрээнд бид ХӨСҮТ-ийн эмч, мэргэжилтнүүдийг БНСУ-д сургах, олон улсын хурлыг зохион байгуулах ажлыг хийж байна. Энэ удаад бид хоёр дахь удаагийн хурлаа зохион байгуулж байгаа бөгөөд өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлын үр дүн, цаашид юунд анхаарах талаар хэлэлцэж байна. Бид цаашид ХӨСҮТ-тэй хамтран ажиллахад үргэлж сайн үр дүн гардаг. Тиймээс бид цаашид хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэхэд таатай байна.
Энэ үеэр “Бичил биетний тэсвэржилтийн сүлжээний гишүүн эмнэлгүүдэд хяналтын тогтолцооны оролцогч байгууллагуудын томилгоо”-ны батламж гардуулах ёслолын үйл ажиллагаа мөн болсон юм.