Монгол Улсын уул уурхайн бүтээгдэхүүний экспортын чанарын хяналт, шинжилгээний үр дүнгийн үнэн зөв, ил тод байдлыг хангах, талуудын итгэлцлийг бэхжүүлэх олон улсын жишигт нийцсэн хөндлөнгийн баталгаажуулалтын тогтолцоог сайжруулах шаардлага улам бүр нэмэгдэж байна. Ялангуяа зэс, молибдений баяжмалыг экспортлох үед хийгддэг шинжилгээний үр дүнгийн зөрүү, төлбөр тооцооны үндэслэл болох мэдээллийн зөрчил, итгэлцлийн асуудал нь олон талын оролцоог шаардсан асуудал болоод байна.
Тиймээс Үндэсний Итгэмжлэлийн төвөөс Гаалийн Ерөнхий газрын дэргэдэх Гаалийн төв лаборатори, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ, Стандарт хэмжил зүйн газрын төлөөллийг урьж, дээрх асуудлыг шийдвэрлэх хүрээнд хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Энэ үеэр Үндэсний Итгэмжлэлийн төвийн дарга С.Ням-Эрдэнэ хэлсэн үгэндээ “Монгол Улсын экспортын бараа бүтээгдэхүүний дийлэнх хувийн уул уурхайн бараа, бүтээгдэхүүн эзэлж бйана. Тиймээс уул уурхайн бараа бүтээгдэхүүний экспортыг тойрсон зарим асуудлыг шийдвэрлэх зорилгоор оролцогч талуудтай хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Зарим байгууллагууд маань шинжилгээний үр дүнг харилцан хүлээн зөвшөөрөхгүй байх тохиолдол гараад багагүй хугацааг өнгөрүүллээ.
Өнөөдөр Монгол Улсын Итгэмжлэлийн байгууллагаар баталгаажуулсан лабораторын шинжилгээг дэлхийн 141 улсад хүлээн зөвшөөрдөг болчихоод байхад дотоод асуудлаа шийдвэрлэж чадахгүй, хэдэн биенийхээ гаргасан шинжилгээнд өөрсдөө итгэхгүй байгаа нь утгагүй асуудал юм.
Хэлэлцүүлгээр экспортын бүтээгдэхүүний сорилт шинжилгээний өнөөгийн тогтолцоо, тулгамдаж буй асуудал, шинжилгээний үр дүнгийн зөрүү, итгэлцлийн зөрчлийн шалтгаан, үр дагавар, итгэмжлэгдсэн лабораториудын шинжилгээний үр дүнг харилцан хүлээн зөвшөөрөх боломж, шийдэл зэрэг олон чухал асуудлыг хэлэлцэж, зарим нэгэн дүрэм, журамд өөрчлөлт оруулах, шаардлагатай тохиолдолд хуулинд тусгах шийдвэрүүдийг гаргалаа.” хэмээлээ.
Гаалийн Ерөнхий газрын дэргэдэх Гаалийн төв лабораторийн дарга С.Цэрэнчимэд:
Өнөөдрийн хэлэлцүүлгээр оролцогч талууд маш чухал асуудлыг ярилцаж, зарим нэгэн шийдэлд хүрлээ. Засгийн газрын 44 дүгээр тогтоолын дагуу Гаалийн Ерөнхий газрын дэргэдэх Гаалийн төв лаборатори нь өөрийн шинжилгээний дүнг Геологийн төв лабораторийн дүн, Эрдэнэт үйлдвэрийн лабораторийн шинжилгээний дүнтэй харьцуулж, дүнг гаргадаг. Өөрөөр хэлбэл гурван байгууллагын шинжилгээний дүнг харьцуулж эцсийн дүнгээ гаргадаг гэсэн үг. Бидний хамгийн их маргаан үүсгэдэг асуудал бол зэсийн баяжмалын чийглэгийн асуудал байдаг. Энэ нь тээвэрлэлттэй удаашрах, цаг хугацаандаа ирэхгүй байх зэрэгтэй шууд холбоотой. Хугацаа хожимдож ирэх тусмаа л чийглэгийн агууламж өөрчлөгдөж, АМНАТ өөр дүнгээр бодогдох болчихдог.
Тиймээс цаг алдалгүй шинжилгээг хийх хэрэгтэй хэмээн үзэж, Орхон гаалийн лабораторид анхны шинжилгээг хийж, тус шинжилгээний дүнг үндэслэж явахаар талууд тогтлоо.
Эрдэнэт Үйлдвэр ТӨҮГ-ын Гаалийн харилцааны албаны дарга Ц.Мөнхболд:
Үндэсний Итгэмжлэлийн төвөөс санаачлан маш чухал сэдвээр хэлэлцүүлэг зохион байгуулж, бидэнд тулгарч буй хүндрэлтэй асуудлыг мэргэжлийн түвшинд шийдвэрлэж өгсөнд баяртай байна. Эрдэнэт Үйлдвэр ТӨҮГ-ын хувьд ачилтын дээж болгонд шинжилгээ хийх боломжгүй. Тиймээс өмнөх сарын дээжнээс шинжилгээ хийж, ачилт хийх бүртээ АМНАТ ноогдуулж улсын төсөвт төлдөг. Үүн дээр чийглэгийн зөрүү үүсч, худалдан авагчтай хийх тооцоо болон АМНАТ-ын дүнтэй зөрдөг. Энэ зөрүүнээс үүдэж зарим нэг байгууллагад шалгуулахад илүү бүтээгдэхүүн ачиж гаргачихаад мөнгийг нь аваагүй байх вий гэдэг хардлага төрж байсан. Үүнийг удаа дараа уламжилдаг байсан хэдий ч ажил хэрэг болоогүй удсан. Харин өнөөдөр болсон хэлэлцүүлгээр зарим асуудлыг шийдвэрлэхээр боллоо.
Бид ГЕГ-ын Төв лабораторитой зөвшилцөлд хүрсний үр дүнд дүгнэлтийн хугацааг нэг сар байсныг гурван сар болгуулсан. Үүнээс гадна Гаалийн төв лабораторид хүргүүлсэн дээжийн төлбөрийг цахимаар төлснөөр дээж автоматаар хуваарилагдаж, шинжилгээний хариуг хурдан авдаг болсон.