Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал өнгөрсөн долоо хоногт Беларусын нийслэл Минск хотод болсон Евразийн эдийн засгийн холбооны Дээд зөвлөлийн хуралдаан, Евразийн эдийн засгийн IV чуулганд оролцов.
Энэ үеэр Монгол Улс Евразийн эзийн засгийн холбооны худалдааны түр хэлэлцээрт албан ёсоор гарын үсэг зурж баталгаажуулжээ. Тус хэлэлцээрт нэгдэх асуудлыг 2022 онд Ч.Хүрэлбаатар Эдийн засаг, хөгжлийн сайдаар ажиллаж байх үеэс эрчимжин, Л.Гантөмөр залган авч идэвхжүүлэн, ийнхүү Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал баталгаажуулав. Ингэснээр Монгол Улс Евразийн эдийн засгийн холбоонд багтдаг ОХУ, Беларус, Казахстан, Киргизстан, Армени зэрэг таван улстай 367 төрлийн бараа бүтээгдэхүүнийг 3 жилийн хугацаанд харилцан гаалийн татваргүй болж буй.
Тухайлбал, хэлэлцээрээр дизель түлш, керосин, мазут, тослох материалын гаалийн 5 хувийн албан татвар тэглэгдэж байгаа аж. Тухайлбал, дизель түлшний үнэ литр тутамд 147 төгрөгөөр буурна. Нэг литр нь зургадугаар сарын 23-ны байдлаар Улаанбаатарт 2940 төгрөгийн үнэтэй байгаа дизель түлш татваргүй болсноор литр тутамдаа 147 төгрөгөөр хямдарч, 2793 төгрөг болно гэдгийг Эдийн засаг, хөгжлийн яам онцолжээ.
"Зуун хувь импортын хамааралтай, тариа, ногоо хураалт, үнийн өсөлтөд жин нөлөө ихтэй түлш хямдрах боломж бүрдлээ" гэж тодотгосон байна.
Худалдааны ерөнхий тэнцвэрийн загвар ашиглан хийсэн судалгаанаас үзвэл, мах, махан бүтээгдэхүүний экспорт 140 хувь хүртэл, савхин эдлэл, арьс ширэн бүтээгдэхүүний экспорт 152 увь, оёмол, сүлжмэл, ноос, ноолууран бүтээгдэхүүний экспорт 134 хувь хүртэл өсөх боломжтой.
ЕАЭЗХ-ны гишүүн дээр таван улсад мах, арьс шир, ноос ноолууран бүтээгдэхүүний 15 тэрбум доллар буюу 47,5 их наяд төгрөгийн зах зээл байна. Том зах зээлд нэвтэрснээр малын гаралтай түүхий эд, арьс шир үнэ цэнтэй болох, хийх ажил, авах цалин, малчид, үйлдвэрлэгчдийн ашиг орлого өсөн нэмэгдэх өргөн боломжтой.
Дотоодын үйлдвэрлэлээ хамгаалж, шингэн, өтгөрүүлсэн сүү, шар сүү, өтгөн сүү, өргөст хэмх, сонгино, төмс, лууван, шар манжинг татваргүй оруулах жагсаалтаас 8 барааг бүр хассан. 11 бараанд квот хэмжээ тогтоож, тариф бууруулна.
Сахартай, сахаргүй хуурай сүүнд тус 1500 тонн квот тогтоосон. 90 сая ширхэг хүртэлх квот хэмжээтэй өндөгний гаалийн татварыг 50 хувиар бууруулж, 7,5%-иар тооцохоор тохиролцсон байна. Цагаан архинд 30%, шар айрагт 18,75 хувийн татвар ногдуулна. Бяслаг, хайлмал бяслаг, цөцгийн тосыг Монголд импортлоход 7,5 хувийн ийн татвартай байхаар тохиролцжээ.
2024 оны байдлаар Монгол Улсын ЕАЭЗХ-ны гишүүн орнуудтай хийсэн худалдааны эргэлт 3.0 тэрбум ам.доллар байснаас импорт 2.9 тэрбум, экспорт 110 сая ам.доллар, нийт 2.8 тэрбум долларын алдагдалтай гарсан байна.
Хэлэлцээрийг Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлж, соёрхон батлуулна.