Охидын биеийг үнэлүүлж байсан этгээдүүдийг яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ

Прокурорын байгууллага 2025 оны 6 дугаар сарын 23-наас 27-ны өдрийг хүртэлх хугацаанд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 53850 эрүүгийн хэрэгт хяналт тавин ажиллажээ. Дээрх хугацаанд 1691 гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл бүртгэгдсэн бол хэрэг бүртгэлтийн 751 хэрэг шинээр нээж, 834 хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна.

Яллах дүгнэлт үйлдсэн хэргийг тодруулбал, Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 313, Өмчлөх эрхийн эсрэг 208,  Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 169, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 30, Хүрээлэн байгаа орчны эсрэг 24, Авлигын 15, Хүний амьд явах эрхийн эсрэг 20, Нийтийн албаны ашиг сонирхлын эсрэг 20, Хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийн эсрэг 9, Олон нийтийн аюулгүй байдал ашиг сонирхлын эсрэг 8, Цахим мэдээллийн аюулгүй байдлын эсрэг 6, Эдийн засгийн 5, Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны эсрэг гэмт хэрэг 4, Соёлын өвийн эсрэг 2, Хүүхдийн эсрэг 1 хэрэг байна.

Шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал:

  • Иргэн О.П, Б.Э нар бүлэглэн, насанд хүрээгүй охидын биеийг үнэлүүлж, ашиг олох зорилгоор тэдний орон гэрээсээ дайжсан, хонох газаргүй, санхүүгийн боломжгүй байдлыг нь далимдуулан орон байраар хангаж, цахим орчинд “санхүү авна” гэсэн утга бүхий зар байршуулж, биеийг нь үнэлүүлсэн хэрэгт Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 2.1, 4 /Хүчиндэх/, Эрүүгийн хуулийн 13.1 дүгээр 2.1, 2.2 /Хүн худалдаалах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд, 
  • Нийслэлийн прокурорын газраас “Зам тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ-т ажиллаж байсан С.Э нь 2022-2024 оны өдрийг хүртэл хугацаанд Авто зам, замын байгууламжийн техникийн зөвшөөрөгдөх үзүүлэлтээс хэтэрсэн овор хэмжээ, даац бүхий тээврийн хэрэгслийг авто замаар зорчуулахгүй байх, нэг тэнхлэг дээрх ачаалал нь стандартаар зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтэрсэн эсэхэд хяналт тавьж ажиллах үүргээ биелүүлээгүй, зөвшөөрөгдсөн хэмжээнээс илүү ачаатай тээврийн хэрэгслийг саадгүй нэвтрүүлэх үүднээс жолоочоос хахууль авсан хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3.1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 1 /Нийтийн албан тушаалтан хахууль авах/-д зааснаар, хахууль өгч тээврийн хэрэгслээ саадгүй нэвтрүүлсэн нэр бүхий жолооч нарт Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 /Хахууль өгөх/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд, 
  • Гаалийн байгууллагад нийтийн албан тушаалтнаар ажиллаж байсан Э.Б, П.Б нар нь албан үүргээ урвуулан ашиглаж, нэр бүхий иргэний чингэлэгт ачигдсан бараа бүтээгдэхүүнд хяналт шалгалтыг биет байдлаар хийлгүй, тоо ширхэг нь таарч байгаа талаар зөрүүтэй мэдээллийг өгч, бусдад давуу байдал бий болгосон хэрэгт Эрүүгийн хэрэгт 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд, 
  • Иргэн Л.Л нь орон нутагт хатуу хучилттай замын барилгын ажлын хяналтын инженер, нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа гүйцэтгэгч компанийн хийж гүйцэтгээгүй ажлыг хийсэн мэтээр тайланд тусгаж, хянан баталгаажуулж, улсын төсөвт 90.8 сая төгрөгийн хохирол учруулсан хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 /Хөрөнгө завших/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Дүүргийн эрүү, иргэний хялбар ажиллагааны тойргийн шүүхэд,
  • Ашигт малтмалын хайгуул, ашигт малтмал ашиглалт, гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “О” ХХК нь “Химийн хорт болон аюултай бодисын ангилал”-д багтсан калийн дихромат, натрийн карбонат, гипохлоритын уусмал гэх нэршилтэй нийт 4 литр химийн хорт аюултай бодисыг үйлдвэрийн байрандаа хууль бусаар хадгалсан хэрэгт Эрүүгийн хуулийн 24.3 дугаар зүйлийн 3 /Химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар эргэлтэд оруулах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж  Дорноговь аймаг дахь Сум дундын анхан шатны тойргийн шүүхэд тус тус шилжүүллээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
55668