Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн түүхт 100 жилийн ой энэ онд тохиож буй. Тус ойгоо угтан УНТЭ-ээс олон арга хэмжээ, хурал, зөвлөгөөнийг зохион байгуулж байгаа.
Тэгвэл энэ хүрээнд УНТЭ-ийн Үүдэл эс шилжүүлэн суулгах баг, Дэлхийн чөмөг шилжүүлэн суулгах холбоо, Ази, номхон далайн чөмөг шилжүүлэн суулгах холбоо зэрэг 20 гаруй орны 50 гаруй эрдэмтэд Монгол Улсад цуглаж, “Цусны үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээ”-ний талаар хэлэлцсэн билээ.
Тус хурал нь гурван өдөр үргэлжилсэн бөгөөд УНТЭ-ийн Сувилахуйн албанаас "Сувилахуйн салбар хуралдаан"-ыг амжилттай зохион байгууллаа.
Энэ үеэр УНТЭ-ийн Сувилахуйн эрхэлсэн дэд дахирал Ц.Амаржаргал хэлсэн үгэндээ "Донороос цусны үүдэл эс шилжүүлсэн суулгах эмчилгээ, хүндрэлийн менежмент, оношилгооны мэргэжлийн арга зүйгээр хангах зорилготой олон улсын хурал амжилттай болж байна. Тус эмчилгээнд сувилагч нарын үүрэг маш их. Тиймээс сувилагч нарын мэдлэг, чадварыг дээшлүүлэх, чадавхжуулах, гадны эмч, мэргэжилтүүдээс туршлага судлах зорилгоор салбар хуралдааныг зохион байгууллаа. Энэ хурлын салбар Сувилахуйн хуралдааныг зохион байгуулах саналыг хүлээн авсан цагаасаа хойш багагүй хугацаанд бэлдэж, өнөөдөр ийнхүү тайлангаа тавилаа.
Дэлхийн цусны үүдэл эс шилжүүлэн суулгах холбооны салбар Сувилагчдын холбоотой. Энэ холбоогоороо дамжуулан энэ чиглэлээр ажиллаж буй сувилагч нар маань нарийн мэргэших, мэдээллээ солилцох, туршлага хуваалцах, асуудлаа шийдвэрлэх боломжтой байдаг." гэдгийг онцоллоо.
Сувилахуйн салбар хуралдаан хоёр өдөр үргэлжилсэн бөгөөд эхний өдөр улсдаа ганц байгаа УНТЭ-ийн цусны үүдэл эс шилжүүлэн суулгах төвийн үйл ажиллагаатай танилцах, цусны үүдэл эс шилжүүлэн суулгах үеийн хамтарч ажилладаг бусад салбаруудын хоорондын уялдаа холбоо мэргэжилтнүүдийн онцлогтой танилцах үнэлгээ өгөх, сувилагч нартай уулзалт хийж санал бодлоо солилцох, шаардлагатай асуултанд хариулж цаашдын хамтын ажиллагаа ярилцаж хэлэлцсэн.
Харин хоёр дахь өдөр хурал зохион байгуулсан бөгөөд хуралд 12 орны 18 цусны үүдэл эс шилжүүлэн суулгах болон эсийн эмчилгээний сувилагч нар, багш, профессорууд нийт 20 сэдвээр хэлэлцэж чууллаа.
Хуралд ЭМЯ, УНТЭ-ийн Сувилахуйн багууд, ЭМЯ-ны харьяа төрөлжсөн мэргэшлийн эмнэлгүүдийн сувилагч нар болон ялангуяа эд эс эрхтэн шилжүүлэн суулгах хагалгааг нутагшуулж байгаа эмнэлгүүдийн сувилагч нар, Монголын сувилагчдын нийгэмлэг, Мэс заслын мэргэшсэн сувилахуйн нийгэмлэг зэрэг 18 байгууллагын 100 гаруй сувилагч хамрагдсан юм.
Үүнээс гадна УНТЭ-ийн үүдэл эс шилжүүлэн суулгах багийн сувилагч нар WBMT Nursing group холбоонд элсэж гишүүн болжээ. Ингэснээр өөрийн орны тусламж үйлчилгээг сайжруулах, мөн тус эмчилгээг эхлүүлэх нэвтрүүлэх эхлэлийг тавьсан ЭХЭМҮТ-ийн сувилагч нарыг сургахаас гадна сувилагч солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх, шинээр нэвтрүүлэх улс оронд дэмжлэг үзүүлж, сургах Дэлхийн сургагч багш нар болох боломжтой болжээ.