Цагдаагийн ерөнхий газрын Хүний нөөцийн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа А.Мөнхцэцэгээс тус байгууллагад өнөөдрийн байдлаар хэдэн албан хаагч ямар албан тушаалд ажиллаж буй талаар тодруулга авлаа. Тэрээр "Монгол Улсын хууль тогтоомжийн хүрээнд Цагдаа, дотоодын цэргийн байгууллага нь гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, улсын онц чухал объектуудыг хамгаалах үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллаж байна.
Монгол Улсын Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн:
- 9 дүгээр зүйлийн 9.1-д “Агентлагийн орон тооны дээд хязгаарыг Засгийн газар тогтооно”
- 8 дугаар зүйлийн 8.3.4-т “Салбарын сайд агентлагийн зохион байгуулалтын бүтэцийг батална” хэмээн тус тус заасан байна.
Мөн Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 153 дугаар тогтоолоор “Цагдаагийн байгууллагын зарим ажил, үйлчилгээ, хангалтын жишиг норматив”-ыг баталсан нь тус байгууллагын бүтэц, үйл ажиллагаа, хангалтын хэмжээг хууль ёсны үндэслэлтэйгээр тогтоох нөхцөлийг бүрдүүлжээ.
Эдгээр эрх зүйн зохицуулалтын хүрээнд өнөөдрийн байдлаар Цагдаа, дотоодын цэргийн байгууллагад улсын хэмжээнд 12 мянга гаруй алба хаагч үүрэг гүйцэтгэдэг.
Алба хаагчдын бүтцийн хуваарилалт:
- 1.8 хувь– Удирдах албан тушаалтан (газар, хэлтсийн дарга зэрэг)
- 20.8 хувь – Гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр (эрүүгийн мөрдөн байцаалт, хэрэг бүртгэл, нийт 2,509 алба хаагч)
- 8.8 хувь – Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр
- 12.6% – Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр
- 12 хувь – Захиргааны чиг үүргийг хэрэгжүүлэгч
- 40.7 хувь – Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр/ Эргүүлийн офицер 419, эргүүлийн цагдаа, хэсгийн байцаагч 531, хороо хариуцсан цагдаа зэрэг албан тушаалтанууд/
Мөн Цагдаа, дотоодын цэргийн байгууллагад гэмт хэрэг болон зөрчлийг шалгах эрх бүхий ойролцоогоор 5 мянга гаруй алба хаагч ажиллаж байна.
Тус байгууллагын бүтэц, хүний нөөцийн зохион байгуулалт нь хуулиар хүлээсэн чиг үүргийг хэрэгжүүлэх, иргэдийн амар тайван, аюулгүй орчинг бүрдүүлэхэд чиглэгдэж, төрийн хариуцлагатай, тасралтгүй үйлчилгээг ханган ажиллах үндэс суурь болж байна." хэмээлээ.