Нийслэлийн Засаг даргын захирамжаар энэ онд гол болон туслах 44 зам, гудамжийг шинэчлэн засварлахаар болсон. Өнөөдрийн байдлаар 27 байршилд зам засвар шинэчлэлийн ажил бүрэн хийгдэж, үлдсэн 17 байршилд засвар шинэчлэлийн ажил үргэлжилж байна. Өнөөдрийн байдлаар авто зам, засвар шинэчлэлийн ажил 68 хувьтай явагдаж байгааг Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр мэдээллээ.
Тэрбээр, “Улсын баяр наадмын өдрүүдэд буюу долдугаар сарын 11-ний өдрөөс 12-ны өдөр зам засварын ажил хотын төв хэсгээр хийгдэхгүй, харин захын гэр хорооллуудын зам, засварын ажил үргэлжилнэ. Мөн долдугаар сарын 13-ны өдрөөс эхэлж төлөвлөгөөнд тусгагдсан төв хэсгийн авто зам, засвар шинэчлэлийн ажил үргэлжлүүлэн хийгдэнэ” гэв.
Өнөөдрийн /2025.07.04/ байдлаар авто зам засвар шинэчлэлийн ажил Хан-Уул дүүрэг, Сүхбаатар дүүрэг, Баянзүрх дүүрэг, Чингэлтэй дүүрэг, Баянгол дүүрэг, Сонгинохайрхан дүүрэгт төлөвлөгөөний дагуу хийгдэж байгаа аж.
Зам засварын ажил үргэлжилж буй байршлууд
Хан-уул дүүрэгт, Таван богд группийн уулзвараас Хан-Уул дүүргийн уулзвар хүртэлх авто замыг хааж засвар, шинэчлэлтийн ажил хийгдэж байна. Тус авто замыг долдугаар сарын 5-ны 06:00 цагт нээнэ.
-Хан-Уул дүүрэг, 1, 2, 20-р хорооны нутаг дэвсгэр, Чингисийн өргөн чөлөөний хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын хүрээнд Таван богд группийн уулзвараас Хан-Уул дүүргийн уулзвар хүртэлх авто замыг хааж засварыг 2025 оны долдугаар сарын 2-ны 23:00 цагаас эхлэн 2025 оны долдугаар сарын 5-ны 06:00 цагийн хооронд хааж авто замын зорчих хэсгийн асфальтбетон хучилт, тэмдэглэгээний ажлыг хийж гүйцэтгэнэ.
Сүхбаатар дүүрэгт, 100 айлын уулзвараас Дарь-Эхийн уулзвар хүртэлх авто замыг шинэчлэлийн ажил дуусах шатандаа орлоо. Их тойруугийн авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын хүрээнд 100 айлын уулзвараас Дарь-Эхийн уулзварын хооронд зорчих хэсгийн урд, хойд эгнээг 2025 оны долдугаар сарын 01-ний 23:00 цагаас долдугаар сарын 04-ний 06:00 цагийн хооронд хэсэгчилж хааж засвар шинэчлэлт хийгдэж замын хөдөлгөөнийг хэвийн үйл ажиллагаад оруулна.
-Өргөө амаржих газрын уулзвараас Нарны зам хүртэлх замыг хааж шинэчилнэ. Парисын гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын хүрээнд Өргөө амаржих газрын уулзвараас Нарны зам хүртэлх авто замыг 2025 оны долдугаар сарын 3-ны 23:00 цагаас хааж 2025 оны долдугаар сарын 6-ны 12:00 цагийн хооронд хааж авто замын зорчих хэсгийн асфальтбетон хучилт, тэмдэглэгээний ажлыг хийх болно.
Энхтайваны өргөн чөлөөний хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын хүрээнд Багшийн дээдийн уулзвараас Бөхийн өргөө хүртэлх авто замыг хааж шинэчилнэ. Тус авто замыг 2025 оны долдугаар сарын 4-ний 23:00 цагаас хааж 2025 оны долдугаар сарын 6-ны өдөр 06:00 цагийн хооронд хааж авто замын зорчих хэсгийн асфальтбетон хучилт, тэмдэглэгээний ажлыг хийнэ.
Баянгол дүүрэгт, Баянгол дүүргийн 20 дугаар хороо Эрчим хүчний гудамжны авто замын өргөтгөл, их засварын ажлын хүрээнд ДЦС-4-ийн зүүн урд талын уулзвараас Наадамчдын авто замыг Эрчим хүчний гудамжтай холбосон авто замын уулзвар хүртэлх замыг 2025 оны долдугаар сарын 01-ний 23:00 цагаас хааж ирэх наймдугаар сарын 01-ний 06.00 цагийн хооронд хааж цементээр бэхжүүлсэн суурь, асфальтбетон хучилт, үерийн суваг дээр 2х4 хэмжээтэй 7 хос хоолой шинэчлэх болон замын трасст орсон дулааны шугам, цахилгаан шугам, холбооны шугам шилжүүлэг, хүчитгэлийн ажлуудыг хийж гүйцэтгэнэ.
Чингэлтэй дүүрэг, Шарга морьтын уулзвараас Гүнтийн даваа хүртэлх 4.45 км авто замын засвар, шинэчлэлтийн ажлын хүрээнд Шарга морьтоос хойшоо 2.5 км авто замыг долдугаар сарын 03-ны 00:00 цаг хаасан бөгөөд долдугаар сарын 09-ний 06:00 цаг замын хөдөлгөөнийг нээхээр боллоо.
ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ НӨХЦӨЛ БАЙДЛЫГ E-MONGOLIA СИСТЕМЭЭР 24/7 ХҮЛЭЭН АВАХ БОЛОМЖТОЙ
Нийслэлийн хэмжээнд авто замын засвар, шинэчлэлийн ажил эрчимтэй үргэлжилж байгаа тул зарим замыг хэсэгчлэн, тодорхой хугацаагаар хааж байгаа билээ. Гэвч иргэд урьдчилсан мэдээлэлгүйгээр тухайн замаар зорчихыг оролдсоноос үүдэн замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэх, түгжрэл үүсэх нөхцөл байнга бүрдэж байна.
Иймээс зам хаах, шинэчлэх ажлын талаарх өдөр тутмын мэдээллийг E-Mongolia аппликейшний мэдэгдэл хэсгээр дамжуулан иргэдэд шуурхай хүргэж эхэллээ.
Мөн замын хөдөлгөөний бодит нөхцөл байдал, ачаалал ихтэй уулзваруудын талаарх бодит цагийн мэдээллийг E-Mongolia системээр 24/7 хүлээн авах боломжтой. Үүний тулд хэрэглэгч та “Онцлох үйлчилгээ” хэсэгт байрлах “Авто замын ачаалал” цэс рүү хандах боломжтой.
Мөн авто замын хөдөлгөөний ачааллын тухай дэлгэрэнгүй мэдээллийг Замын хөдөлгөөний удирдлагын төвийн www.ubtraffic.mn вэбсайтаас авах боломжтой.