“Халдварт өвчин дотроос хамгийн их АЙЛГАДАГ ӨВЧИН бол УЛААНБУРХАН“

Arslan.mn

Халдварт өвчин дотроос халдварлах чадавхиараа хамгийн өндөрт ордог "Улаанбурхан" өвчин газар авч, өнөөдөр 14 мянгыг давж, долоон хүүхэд эндсэн. 

"Халдварт өвчин дотроос хамгийн их айлгадаг өвчин бол улаанбурхан" хэмээн ХӨСҮТ-ийн нэгжийн дарга Н.Сувдмаа нэгэн цагт хэлж байсан юм.

Яагаад гэх миний тоомжиргүй асуултад "Хамгийн хурдан тархана, хамгаалалтгүй бага насны хүүхдүүдийг онилдог. Онилох онилохдоо амь насыг нь хүртэл авч одох нь бий." хэмээн хөндүүртэйхэн хэлж билээ. Яагаад гэх асуултыг асуусандаа тухайн үед өөрөөсөө ичиж байв. 

Тиймдээ ч Эрүүл мэндийн яам, Халдварт өвчин судлалын Үндэсний төвөөс Улаанбурхан өвчин зөөвөрлөгдөн орж ирсэн цаг үеэс буюу 2025 оны 02 сарын 18-ны өдрөөс л анхааруулга, сэрэмжлүүлгийг тогтмол өгч, вакцинжуулах, иргэдийг мэдээллээр хангахын төлөө бүхий л ажлыг хийж байв.

Харин бид их тоомжиргүй хандсан гэхэд хилсдэхгүй. Баяр наадмыг өргөн дэлгэр тэмдэглэхийн зэрэгцээ хүүхдүүдийнхээ хамгийн том хамгаалалт болох вакциныг хойш нь тавьсан.

Дайны хажуугаар дажин гэгчээр вакцин эсэргүүцэгчид энэ үеэр идэвхжиж, буруу ташаа мэдээллүүдийг ихээр явуулсны уршгаар вакцинд хамрагдах иргэдийн тоо буурчээ. Зарим хавьтал болсон эцэг эхчүүд хүртэл "вакцин хийлгэхгүй" гэж агсам тавьсан гэх. Үүний балгаар өнөөдөр бага насны долоон хүүхэд эндээд байна. 

Улаанбурхан өвчний эсрэг вакциныг Монгол Улсад 1973 онд нэвтрүүлж, 1989 оноос хоёр тунгаар дархлаажуулж эхэлжээ. Харин улаанбурхан, гахайн хавдар, улаануудын эсрэг хавсарсан вакциныг 2009 оноос эхний тунг есөн сартайд, хоёр дахь тунг хоёр настайд товлолын дагуу хийж байгаа юм. Ингэснээр улаанбурхан өвчний халдвар эрс багасч, бид 2014 онд “Монгол улс Улаанбурхан өвчний тархалтыг таслан зогсоосныг баталгаажуулсан батламж”-ийг хүлээн авч, “Улаанбурхан өвчингүй Монгол” дархлаажуулалтын үндэсний зөвлөгөөнийг зохион байгуулж байв. Гэтэл үүнээс яг нэг жилийн дараа буюу 2015 онд Улаанбурхан өвчний халдвар дахин тархаж, 130 гаруй иргэн тус халдварын улмаас нас барсан харамсалтай түүх бий. 

Бид энэ түүхийг дахин давтах ёсгүй. "Улаанбурхангүй Монгол Улс" болох боломж бидэнд бий. 

Ингэхийн тулд вакциндаа л идэвхтэй хамрагдах ёстой юм. Улаанбурхан өвчний вакциныг хүүхэд төрснөөс хойш есөн сартай, хоёр настай товлолт вакциныг заавал хийлгэх ёстой хэмээн заасан. Тэгвэл энэ өвчний тархалт, бага насны хүүхдүүд илүү өртөмтгий байгааг үндэслэн эрдэмтдийн зөвлөснөөр 6-8 сартай хүүхдүүдийг улаанбурхан өвчний дархлаажуулалтад хамруулаад эхэлсэн. 

Хэрэв таны хүүхэд товлолт вакцинаас ямар нэгэн байдлаар хоцорсон бол тав хүртлэх насандаа заавал нөхөн дархлаажуулалтад хамрагдах хэрэгтэй. Үүнээс гадна улаанбурханы хавьтал болсон тохиолдолд 72 цагийн дотор вакцин хийлгэх, шинж тэмдгийг ажиглах хэрэгтэй. 

Тус халдварыг авсан таван хүн тутмын нэг нь уушгины хатгалгаа, тархины үрэвслээр хүндэрч болзошгүй бөгөөд улмаар вакцин хийлгээгүй хүнийг үхэлд хүргэх аюултай. 

Эдгээр өдрүүдэд Үндэсний их баяр наадам, хүүхдийн зуслан, PLAYTIME хөгжмийн наадам, аймаг, сумдын тэгш ой гэх мэт олон нийтийг хамарсан арга хэмжээний ихээр зохион байгуулагдах тул энэ үеэр зохион байгуулагчид улаанбурхан өвчний нөхөн болон нэмэлт дархлаажуулалтад хамрагдахыг уриалж байна.

Томчууд бид хэрсүү, ухаантай, уншдаг, судалдаг байж үр хүүхдээ аюулт өвчнөөс хамгаалах ёстой. 

Эдгээр өдрүүдэд вакцинжуулалтыг идэвхжүүлэх ажлыг ЭМЯ, ДЭМБ-аас эхлүүлсэн бөгөөд иргэд та бүхэн өөрт ойрхон өрхийн эрүүл мэндийн төвд хандаж, дархлаажуулалтад хамрагдан бяцхан үрсээ аюулт өвчнөөс хамгаалаарай. 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
55707