Б.Чинбилиг: Бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдийн сэтгэл зүйд учирсан хохирол, өөрчлөлт, цочрол бол хэзээ ч эдгэрэхгүй

Энэ удаагийн ярилцлагын цагаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Б.Чинбилигтэй ярилцлаа.

-Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Сүүлийн үед гарч буй гэмт хэрэг, тэдгээртэй тэмцэх, урьдчилан сэргийлэхээр танай Прокурорын газраас ямар ажлууд хийгдэж байгаа талаар та мэдээлэл өгнө үү? Сайн байна уу, та бүхэнд өдрийн мэнд хүргэе.

Юуны өмнө товч мэдээлэл өгмөөр байна. Энгийн үгээр тайлбарлахад прокурор гэмт хэрэг, зөрчлийн талаар гомдол, мэдээлэл бүртгэгдсэн өдрөөс эхлэн мөрдөн шалгах ажиллагаанд хяналт тавьж, шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс улсын яллагчийн чиг үүрэгтэй оролцоно, улмаар ял шийтгүүлсэн ялтан болон хоригдлуудын эрхийг хамгаалахаар ял эдлүүлэх ажиллагаанд бас хяналт тавина. Иргэнийг анх гэмт хэрэгт холбогдсон, эсхүл гэмт хэргийн улмаас хохирсон үеэс эхлээд дуусан дуустал нь хяналт тавьж хамгийн гол нь хүний эрхийг хамгаалах, хангах, зөрчигдсөн эрхийг сэргээлгэхээр хуулийг нэг мөр хэрэгжүүлж ажилладаг гэсэн үг.

Зөвхөн гэмт этгээдийг яллах гээд явдаг хүн гэсэн үг биш шүү дээ, гэмт хэрэг хийсэн, хохирсон гээд бүхий л хүний эрхийг ханган хамгаалахаар ажилладаг, зөвхөн шүүх дээр л Улсын яллагчийнхаа чиг үүргийг хэрэгжүүлдэг гэсэн үг юм.

Прокурорын байгууллага бол нэгдмэл төвлөрсөн удирдлагатай буюу энгийн үгээр хэлэхэд засаг, захиргаатай, дэг журамтай байгууллага.

Өөрөөр хэлбэл, хүн хүн дур зоргоороо, өөрийн ойлголтоороо, эсхүл аливаа мэдээлэл, арга хэмжээ, ажилд тэгш бус, цаг хугацаа алдсан байдлаар ойлгож хэрэгжүүлдэггүй, тэгж ажилладаггүй, нэг шийдвэр гарлаа гэхэд тэр дор нь бүх нэгжүүд, бүх прокурор, ажилтнууд нэгэн зэрэг хэрэгжүүлээд цаг хугацаа алдахгүй, нэгдсэн нэг бодлоготой үйл ажиллагаа явагддаг гэсэн үг.

Мөн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажил, арга хэмжээ зохион байгуулж, оролцож, ажилладаг ба бүх нэгжүүд тодорхой ажил, арга хэмжээ зохион байгуулж байгаа.

Манай Баянзүрх дүүргийн Прокурорын газрын тухайд бол, энэ онд маш олон цахим болон цаасан, наамал хэлбэрээр сэрэмжлүүлэг, гарын авлага бэлтгэн иргэдэд хүргэх, дангаар болон хамтарсан шалгалт судалгаа хийх, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх яриа таниулга буюу сургалтууд хийж мэдээлэл өгөх ажлуудыг зохион байгууллаа. Цахим эрин үед нийцүүлэн богино хэмжээний бичлэг, дуу, дүрсээр мэдээлэл бэлтгэн дамжуулж, олон нийтэд түгээж байна.

Үүндээ хамгийн гол нь хүүхдийн эрхийг ханган хамгаалах, нийтийн эрх ашгийг хамгаалах, сүүлийн үед зонхилон үйлдэгдэж буй гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, тухайлбал цахим залилан, өсвөр насны хүүхдүүд цахим ертөнцөд гэмт хэргийн хохирогч, холбогдогч болоод байна, үе тэнгийн дээрэлхлээс сэргийлэх, мэдээлэх, эрүү шүүлтээс ангид байх гэх зэрэг чиглэлээр нэлээдгүй ажил зохион байгууллаа.

Мөн богино хэмжээний бичлэгүүдээр сэрэмжлүүлэг өгч байна. Энэ маань их үр дүнтэй, олон нийтэд богино хугацаанд хурдан түгэх ач холбогдолтой байна гэж дүгнэж байгаа.

-Тийм шүү таны сүүлд хийсэн рийлийг үзсэн. Үр хүүхдүүдээ хэнэггүй байдлаасаа болж бүү хохироогооч, хамгаалаач гэсэн зорилготой бичлэг байсан. Тэр дээр яригддаг зүйл болсон явдал уу, боломжтой бол товчхон тайлбар өгнө үү?

-Тийм, тэр хэрэг бол миний хяналт тавьж Шүүхээр эцэслэн шийдүүлсэн хэрэг. Таны хэлж байгаа шиг иргэд зарим нь “арай ч дээ, яах гэж охиноо тэр өвгөнтэй байлгадаг юм, үгүй байлгүй дээ” гэх зэргээр сэтгэгдэл өгсөн байна билээ.

Гэхдээ харамсалтай нь үнэн бодитой кейс буюу болсон тохиолдол юм.

Хэнэггүй зангаасаа болоод охид хөвгүүдээ, хайртай үрсээ битгий хүчирхийлэгчийн гарт өгөөч гэсэн хатуу анхааруулга л даа.

-Нэгэнт энэ сэдэв рүү орсонтой холбоотойгоор, сүүлийн үед гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн хүчин гэх зэргээр сэтгэл сэр хийлгэсэн хэргүүд гарсаар байх юм? Таны бодол, дүгнэлт?

-За энэ бол хамгийн хүнд сэдэв, учирсан хохирол, ирээдүйд богиноос удаан хугацаанд үргэлжлэн гарах хорт үр дагавартай, хор уршиг өндөртэй, эрсдэлтэй, гэмт хэрэг төгссөнөөр бүх зүйл төгсдөггүй, хор уршиг үргэлжилсэн, дараа дараагийн хохирогч, гэмт хэрэгтнийг төрүүлж байдаг ...ер нь л анхаарлаа хандуулах гол сэдэв дээ. Би одоо энэ талаар боломжит байдлаар олон жил ярьж байна даа уг нь...

За нэн ялангуяа бага насны, өсвөр насны хүүхдийн бэлгийн хүчирхийлэл буюу хүчиндэх гэмт хэргийг хүүхдийн эсрэг үйлдэх гэж... энэ талаар яривал удаан хугацаа шаардлагатай. Тиймээс ганц, хоёр өгүүлбэрээр хэлэхэд аливаа хүчирхийлэл, ялангуяа бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхэд нэг бол дахин хохирогч, нөгөө бол гэмт хэрэгтэн болно л гэж ойлгоод энэ тал дээр бодитой, тэвчээртэй, удаан хугацаанд үргэлжлэхээр чиглэсэн арга хэмжээнүүдийг авах шаардлагатай.

За нэг хүчиндэх гэмт хэрэг гарлаа гэхэд тэр хэргийг хэсэг хугацааны дараа шийдвэрлээд гэмт этгээдэд ял оногдуулаад дууссан мэт харагдана.

Яг үндсэндээ оршил хэсэг ч дуусаагүй, дөнгөж эхэлж байгаа асуудал. Түүний ард үлдэх бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдийн сэтгэл зүйд учирсан хохирол, өөрчлөлт, цочрол бол хэзээ ч эдгэрэхгүй, зүгээр л намжмал байдалд байдаг, насан туршдаа хохироод үлдэнэ гэсэн үг, тийм хүн юу хийх, юу болохыг хэн ч таашгүй.

Зүй нь бол буруутай этгээд төлбөрийг нь төлөөд тэр тодорхой насанд хүртэл нь шаардлагатай бүхий л сэтгэл зүйн болон бие мах бодийн засал, эмчилгээ, үйлчилгээнд хамруулж, удаан хугацаанд үргэлжилсэн арга хэмжээнд хамруулах хэрэгтэй юм л даа. Манайд даанч энийг сөхөөд хэрэгжүүлэх боломж байхгүй бололтой.

Жинхэнэ гэмт хэргээс урьдчилан сэргийлэх гэдэг бол энэ бодитой ажил юм. Ирээдүйд хэдэн төрлийн ямар гэмт хэрэгтэн, ямар ямар хэрэг үйлдэх байсныг түүгээр яаж зогсоосон гэдгийг таавар тааж байгаа юм шиг, үзмэрч шиг харж хэлэхгүй ч гэсэн, энэ бол бодитой зөв ажил юм.

Нөгөөтэйгүүр хамгийн чухал нь тоглож байх насандаа тэр заваан зүйлийг амссан, бие сэтгэлээрээ мэдэрсэн, хүүхэд статустай хүнийг дахин хохирогч болж, нийгэм амьдралаас татгалзах, биеэ үнэлэх, амиа хорлох гээд бүхий л эрсдэлт нөхцөлөөс сэргийлж, аварч авах нь бид бүгдийн үүрэг. Даанч энэ чиглэлд бол дангаараа Цагдаагийн болон Прокурорын байгууллага хүчин мөхөс.

Улс бодлого барьж түүндээ хөрөнгө зарж зохион байгуулах ажил. Тэгээд л ялын бодлого, ял эдлэх асуудал, боловсон хүчин, мэдлэг, туршлагын асуудал, хохирол төлбөрийг төлүүлэх бодитой нөхөн сэргээх үйлчилгээний асуудал гээд яриад дуусашгүй.

Энэ талаар яриад байвал таны надад хүртээсэн цаг хүрэхгүй байхаа /инээв/.

-Ялын бодлого гэж та сая дурдлаа. Бидний сүүлд мэдэж байгаачлан өмнө яг тэр хүүхдийн хүчирхийлэл үйлдэж байсан хүн дахиад хүүхэд хохироосон байсан шүү дээ. Тэгэхээр яг ямар ял шийтгэл өгдөг юм бэ?

-За энэ бас нэг чухал сэдэв дээ, бас л олон жил яриад л явж байна. Жишээ нь Америкийн Техас бил үү нэг мужаас ирсэн шүүгч, прокурорын сургалтад би хамрагдаж байхдаа асууж байлаа. Тэднийд 200, 300 жилийн ял оногдуулдаг юм билээ л дээ. Тэгээд би “танайд тэгээд 200 300 жилийн ялаар шийтгээд яг тэр хугацаагаар нь суулгадаг юм уу” гэхэд “тийм яг тэр хугацаагаар нь оногдуулж, хэрэгжүүлдэг, хэрэв тухайн хүн 200-300 жил амьдраад гарч ирвэл тэгж болно” гэж хариулж байсан.

Гэтэл манайх өөр шүү дээ. За жишээ нь надад тохиолдсон бас шүүхээр эцэслэн шийдэгдсэн хэрэг. Дээхэн үед хүүхэд хүчирхийлж, хуучин буюу 2002 оны Эрүүгийн хуулиар 16 жилийн ял аваад, 8 жил суугаад суллагдаад гарч ирээд жил хүрэхгүй хугацааны дотор 3 настай хүүхэд хохироосон, тэгээд би анх залуухан шинэхэн прокурор байхдаа гайхаж байж билээ “яагаад” гэж асуусан.

Тэрнээс хойш би хэрэг бүртгэх мөрдөн байцаах болон ял эдлүүлэх ажиллагаанд ч хяналт тавьж ажиллаж үзлээ. Гэтэл Эрүүгийн хуульд “Гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлж зан байдлаараа нийтэд аюулгүй болсноо нотлон харуулсан, ял эдлэх хугацаандаа ноцтой зөрчил гаргаагүй, оногдуулсан ялын тодорхой хувийг эдэлсэн бол …хугацаанаас өмнө суллаж болно” гээд заачихсан бас хуулийн тэгшитгэл буюу хууль шинэчлэн гарахад өмнөх хуулийн заалтад байсан ялын хэмжээг дүйцүүлэн хасах, өөрчлөх асуудал байна. За хорих ангид ял эдэлж байхдаа ажил хөдөлмөр эрхлээд шагналын хоног гэж авна, за тэгээд байж байтал өршөөлийн хууль гарах гэдэг ч юм уу янз бүрийн байдлаар сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид чиглэсэн нэлээдгүй хамгаалалтын механизмтай. Тэдэнд ач холбогдолтой механизм ажиллаад нэгэнт тогтчихож, тэдгээрийн эрхийг хамгаалж байна, зөрчигдөхөөс сэргийлж прокурор өдөр шөнөгүй хяналтаа тавьж байна.

Нөгөө талаас тэр зүгээр байж байгаад хохирсон хохирогч харин яах вэ, шүүх хурал тарлаа, тэгээд тэрийг хэн ч сөхөхгүй, хэн ч нааш ир гэхгүй хаягдана, хохирогчийг боломжит байдлаар хохиролгүй болгох асуудал хаана байна, тэр хохирлоо төлнө гэдэг нь хэдхэн төгрөг өгөөд болчихдог асуудал уу, за бүр энгийн жишээ ярихад хүн гар утсаа алдлаа, тэрнээс болж ажлаа алдаж, цагдаа руу хэдэн удаа очиж, өөр утас авлаа гэх мэт зардал хөдөлгөөн гарна, тэдгээр хохирлыг төлүүлэх механизм байхгүй, зүгээр л тэр алдсан утсыг үнэлгээний газар юу гэж үнэлнэ, тэрийг нь л төлбөл, аан за хохирол төлөгдлөө гэж тооцдог.

Тэгэхээр шударга бус, бодитой бус л харагдаад байгаа юм. Та өөртөө тунгаана биз дээ.

За тэгэхээр дээр хэлснээр таны тэр сүүлд 2023 онд бил үү харамсалтай хэрэг гараад улс даяар нэг охиныг амьд байгаасай гэж залбиран хүлээж байтал хэдэн хоногийн дараа гэмт хэрэгтэн гээд нэг хүний зураг мэдээлэл гараад байсан, би ч ялгаагүй хэвлэл мэдээллээс тан шиг мэдээлэл авсан, тэр хүнийг урьд нь хүүхэд хүчирхийлсэн хэргээр ял хүлээгээд гарч ирсэн байна гэж байсан.

Энэ үзэгдлийг жишээ нь 2017 оноос хойш яриад л байсан, гэтэл өөрчлөлт шинэчлэл хийхгүй явсаар тэр 2023 оны хүчирхийллийн улмаас амиа алдсан охины кейсээс хойш сэрд хийж сая нэг цочроо өгөөд хуульдаа нэмэлт өөрчлөлт оруулсан нь “тодорхой гэмт хэргүүдийг үйлдсэн ялтныг хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоохгүй” гэж зааж өгсөн. Одоо бол анх өгсөн ялын хугацаанаас өмнө суллагдахгүй гэсэн үг.

Ер нь зан байдлаараа нийтэд аюулгүй болсноо нотлон харуулна гэдгийг яг яаж ойлгож, яаж нотолж, яаж тэрийг нь мэдэж шийдэх вэ? Гаднаа хэчнээн сайн сайхан байвч дотроо ямар байгааг гаднаас нь таамаглаж яаж таньж мэдэх юм бэ. Угаасаа хэрэг уншиж, гэмт хэргийн түүх сонирхож байхад Педофиль, маниакуудын нийтлэг шинж нь юм биш үү.

“Инээсэн бүхэн найз биш, уурласан бүхэн дайсан биш” билүү нэг үг байдаг байхаа.

Тэгээд дээрх тэр заалт чинь суллаж болно гэсэн байгаа болохоос биш заавал суллах ёстой, сар бүхэн гэмт этгээдийг суллаад бай ч гэсэн үг биш шүү.

-Прокурорын ажил ер нь хэр ачаалалтай вэ?

-Би цагдаагаа гээгдүүлмээргүй байна. Мөрдөгч, Прокурор 2 унтах нойр идэх хоол, гэр бүлтэйгээ байх хугацаанаасаа хасаж, өдөр шөнөгүй хэргийн араас хөөцөлдөж тэр хэргээ нэг зөв, аятайхан шийдүүлчих юмсан гэж явдаг, хамгийн гол, их ажилтай төрийн алба хаагч нар. Энэнтэй санал нийлэхгүй хүн, өөр албан тушаалтан хэрэв байгаа бол эсэргүүцэж мэтгэлцэх баримтаа бэлдэж ирээд нөхөрсөг ярилцаж болно. /инээв/

Мөн шүүхийн шийдвэр гарсны дараагаар шийдвэр гүйцэтгэх алба хаагч нар байна, би хорих анги, цагдан хорих байранд хяналт тавьж байхад тэр хэд маань бас л хүнд, хэцүү ажилтай шүү дээ, ялангуяа хорих ангийн алба хаагч нар маань.

Тэгэхээр нэг гэмт хэрэгтний үйлдсэн хэрэг буюу хууль зөрчсөн үйлдлийн улмаас эдгээр хүмүүс, хамгийн гол нь хохирогч нарын эрх зөрчигдсөөр үлддэг, нүсэр их ажил болдог байх нь ээ.

Танд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье.

ФОТО

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an Report.mn post Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
Like an Report.mn post
55739