Сүүлийн үед цахим орчинд үүсээд байгаа "Багануур" ХК-тай холбоотой асуудлаар УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир мэдэгдэл гаргажээ. Уг мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна
"Удаан харлаа, хүлээцтэй тэвчээртэй хандлаа. Ажил хэргийн болон хувь хүн, гэр бүлийн алдар нэр хүндэд илтэд халдаж байгаа учраас ийнхүү мэдэгдэл гаргаж байна.
Мэдэгдэл.
Сүүлийн үед "Багануур" ХК-ийн үүрэг гүйцэтгэгч удирдлагыг ажлаас чөлөөлсөнтэй холбоотойгоор үүссэн асуудлаас болж олон зуун уурхайчидаа, тэдний ар гэр, дүүргийн ард иргэдээ сэтгэл санааны хувьд чилээсэнд хүлцэл өчье.
Тухайн асуудалд тэвчээртэй, хүлээцтэй хандсан боловч миний ажил хэргийн болон хувь хүний, гэр бүлийн алдар, нэр хүндэд халдсан гүжир гүтгэлгийн мэдээллүүд хирээс хэтэрч байгаад харамсаж байгаагаа илэрхийлж дараах мэдэгдэл тайлбарыг гаргаж байна.
1.Улс орны гал голомт болсон 47-н жилийн түүхтэй "Багануур" ХК, түүний олон зуун уурхайчдын нөр их хөдөлмөр бүтээлийн үр дүнд улсынхаа нийгэм, эдийн засгийн өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж яваа уурхайчдаараа, үе үеийн удирдлага, ахмад уурхайчид, уурхайчин хамт олноороо цаг үргэлж бахархаж явдагаа хэлье. Манай улс ардчилал, зах зээлийн харилцаанд шилжээд 35-н жилтэй золгож буйч зах зээлийн харилцаанд шилжээгүй ганц салбар бол эрчим хүчний салбар, тэрдундаа төвийн бүсийн эрчим хүчний эх үүсвэрүүдийг түлшээр хангадаг "Багануур", "Шивээ-Овоо", "Шарын гол" ХК-иуд юм. Учир нь төрөөс нүүрсний үнийг өнөөдрийг хүртэл хатуу зохицуулалттай барьж ирсэнд асуудлын гол нь байдаг. Ард иргэдийнхээ итгэлийг хүлээж сонгогдсон цагаас эхлэн тойргоос сонгогдсон гишүүд бид үе үеийн засгийн газар, сайд нар, толгой компани Эрчим хүчний зохицуулах хороонд нүүрсний үнийг чөлөөлөх, өртөгт нь нийцсэн үнэ ханшаар борлуулах асуудлыг тавьж, хөөцөлдсөний үр дүнд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар анх удаа дээрхи компаниудын нүүрсний үнийг нэмэгдүүлэх шийдвэрийг гаргасан нь 30 гаруй жил алдагдалтай ажиллаж ирсэн компаниудыг эдийн засгийн хувьд ашигтай ажиллах суурь нөхцлийг бүрдүүлсэнд Л.Оюун-Эрдэнийн засгийн газар түүхэнд үлдэх гавьяатай гэж би хувьдаа боддог.
Тэрнээс ганц нэг хүний бодлогоор уурхай өнөөдөр ашигтай ажиллаж байгаа гэвэл эндүүрэл болох байхаа. Энэ байдлыг дан ганц өөрөө хийсэн бүтээсэн мэтээр сурталчилж, нэг хүнийг тахин шүтэх ажиллагаа явуулж, өмнөх бүх цаг үеэ үгүйсгэсэн, буруушаасан, хэт нэг талыг барьсан мэдээ, мэдээлэл явуулж байгаад туйлаас харамсаж байна.
2. "Багануур" ХК бол 75% нь төрийн мэдэлд байдаг төрийн өмчийн оролцоотой хувьцаат компани. Гэтэл тус компанийг хувийн компани мэтээр ойлгож, аашилж авирлаж, асуудалд хандаж байна. Төр өмчөө хэнээр удирдуулахаа өөрөө мэдэх ёстой. Өмнөх олон дарга, удирдлагуудыг ажлаа авч, өгч солилцож байхыг мэдэх хүний хувьд урьд өмнө ийм эрээ цээргүй, ёс зүйгүй асуудал огт гарч байгаагүйг хараад нүдэндээ ч итгэхгүй байна. Тэр тусмаа үүрэг гүйцэтгэгч хүнээс гарч боломгүй ааш авир, ёс зүйгүй үйлдлүүдийг удаа дараалан гаргаж, энэхүү үйлдэлдээ нарийн учрыг сайн ойлгоогүй эгэл жирийн уурхайчин залуусыг турхирч, янз бүрийн ов мэх, арга хэлбэрээр татан оролцуулж байгаа ажлаа нэн даруй таслан зогсоох хэрэгтэй. Энэ мэт үйлдлийн хохирогч нь жирийн уурхайчид болчих вий гэдэгт эмзэглэж байна. Уурхай 2024 онд ашигтай ажиллах суурь нөхцөл хэрхэн бүрдсэнийг дээр дурдсан. Харин 2025 оны эхний хагас жилд 2 ч сайхан уурхайчин залуус алтан амиа алдаж, 1 залуу эрүүл мэндээрээ хохирсон. Энэхүү үйлдэл яагаад гарах болов, юунаас болов, яагаад залуус амиа алдав гэдгийг бодож үзэхээс илүүтэй дарга нар өөрсдийгөө, өмгөөлж, хаацайлж, бурууг бусдад тохож, нуун дарагдуулж өнгөрөөх гэж буйд харамсаж байна. Энэхүү үйлдэл бүх шатанд хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, сахилга бат алдагдсантай шууд холбоотой. Шүүхийн шинжилгээний дүгнэлт ч метилийн спиртийн хордлогоос болсныг тогтоочоод байхад Үйлдвэрийн ослыг шалган бүртгэх комисс нь сөрөг шийдвэр гаргачхаад сууж байгаа нь хариуцлагаас мултрах гэсэн башир арга гэхээс өөр хэлэх үг алга. Энэний цаана тэжээгчээ алдсан эгэл жирийн нэг хань, үр хүүхдүүд хайртай ханиа, аавыгаа өвчнөөр алдсан гэж ойлгоод нулимс нь хатаагүй сууж байгаа. Энэ бол цэвэр үйлдвэрийн осол болсон гэж хувь хүнийхээ хувьд үзэж байгаа. Гэхдээ хууль хяналтын байгууллагууд шалгаад үнэн зөвийг олж тогтооно гэдэгт эргэлзэхгүй байна. Яллагдагчаар татсан хавтаст хэрэг прокурор дээр хянагдаад шүүх рүү удахгүй шилжих шатандаа яваа гэдэг мэдээллийг холбогдох албан тушаалтнаас авсан. Энэхүү осол гарахаас өмнө 3-н сарын үеэс толгой компанийн удирдлагад өргөдлөө өгнө, тэтгэмж олгуулж өг гэсний хүрээнд 60 сая төгрөгний тэтгэмжээ авчихаад, ярьсан ярианаасаа буцаж, албан тушаалаа өгөхгүй улайран зүтгэж, дарга удирдлагуудын нэрийг барьж, өнөөдрийг хүртэл бултаж зугтаж, цаг хожиж яваа нь туйлын үнэн юм. Захирлын үүрэг гүйцэтгэгчийг чөлөөлөх асуудлыг төр засаг, намын бүх шатанд ярилцаж хэлэлцсэний үндсэн дээр гаргасан шийдвэр юм.
3. Ажил албан тушаалдаа үлдэхийн тулд миний ажил хэргийн болон гэр бүлийн нэр хүндэд халдсан мэдээллүүдийг нэр бүхий сэтгүүлч, сайтууд их хэмжээний мөнгө төлж төлбөртэйгөөр явуулж байгаа бусармаг үйлдлээ нэн даруй зогсоохыг шаардаж байна.
Миний бие болоод манай эхнэр өнгөрсөн хугацаанд алтан уурхайгаасаа хулгайлж, хумсалсан эд зүйл нэгээхэн ч байхгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье.
Тухайн үе үеийн удирдлагууд нь амьд сэрүүн ажиллаж байна, санхүүгийн албаны ажилтнууд нь бүгд ажиллаж байгаа байх. Төсөв санхүүтэй холбоотой гэрээ хэлцэл цаасан дээр буухгүй байна гэж нэгээхэн ч үгүй. Надтай холбоотой гэрээ хэлцэл байгаа эсэхийг шалгуул, сайн шалгуул. Өнгөрсөн хугацаанд журмын нөхдийг минь дээр дооргүй өргөдөл гомдол барьж хууль хяналтын байгууллагаар гүйж өдөр шөнөгүй шалгуулж байгаад эцэст нь 3 мянган долларын авилгын хэрэг болж хувирсан. Тэр үедээ надтай холбогдуулах гэж бүх хэлбэрээр шалгасан ч юу ч гарч ирээгүйг бүгд мэдэж байгаа. Ямар нэг шахааны гэрээ хэлцэл гарч ирсэн бол би өдийд ингээд мэдэгдэл бичээд суухгүй байсан.
Дахин шалгуул, бас хамтдаа шалгуулъя. Энэ шударга зүйл яриад байгаа, хамгаалж өмгөөлөөд байгаа нөхдийг хамтдаа шалгуулъя гэж уриалж байна. Муу нэрийг нь улстөрч бид нар л үүрч байгаа болохоос яг жинхэнэ хулгай хийдэг, хумсалдаг нөхдүүд л хажууд чинь хумсаа нуугаад, өөрийг чинь тойрон хүрээлж суугаа юм.
Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир гэдэг хүнтэй холбоо хамааралтай компани "Багануур"ХК-д 1978-2025 оны 47-н жилийн түүхэнд ямар нэг сэлбэг материалын шахаа хийсэн, тэр нь нотлогдвол би өнөөдөр ч гэсэн Их хурлын гишүүнийхээ албан тушаалаас өргөдлөө өгөөд чөлөөлөгдөхөд бэлэн байна.
Харин эзэн биегүй, нэр усгүй хаягнаас олон нийтийн сүлжээ болон групп чатаар тэрбумаар нь идсэн уусан мэдээлэл явуулж байгаа гүтгэлгээ даруй зогсоохыг шаардаж байна. Эс бөгөөс хууль хяналтын байгууллагаар шалгуулж, нэр төрөө сэргээлгэнэ гэдгээ албан ёсоор мэдэгдье.
Багануурын уурхай бол миний төрсөн ахын цэл залуу 30-хан насандаа үйлдвэрийн ослоор амиа өгсөн, миний төрсөн эгчийн 2000 оны эхээр компаниас зохион байгуулдаг спортын тэмцээнд оролцож байгаад тархиндаа хүнд гэмтэл авсан ч гэсэн өнөөдрийг хүртэл манай гэр бүл, ах дүүс алтан уурхайдаа ямар нэг санал гомдолгүй, талархаж, уурхайчдаараа бахархаж явдаг юм.
Уурхай алдагдалтай, санхүүгийн хувьд хүнд хэцүү гэсэн хирнээ маш олон уралдаан тэмцээн, олон нийтийн арга хэмжээг ивээн тэтгэгч болж хүмүүнлэгийн компани болж хувирсныг бодоод бодоод гайхаж, эргэлзэж байна. Энэ их санхүүгийн дэмжлэг компаниас гараад байна уу аль эсвэл хувь хүн санхүүжүүлээд байна уу гэдэг эргэлзээг тайлах ёстой. Уурхайгаасаа баян удирдлагатай болсон юм биш биздээ. Компаниас гарч байгаа бол УИХ-ын баталсан "Төрийн хэмнэлт"-ийн хуулийн хаагуур нь зохицуулаад байна. Хувиас гаргаад байгаа бол тэр эх үүсвэрээ нотлох ёстой гэдгийг олон арван хүмүүс хүлээж харж байгаа байх шүү.
4. Намайг 2023 онд уурхайчидтай хийсэн уулзалт дээр мэргэжлийн бус, уул уурхай, төрд ажиллаж үзээгүй, цүнх баригч хүнийг, гаднаас сонгон шалгаруулалтгүй томиллоо, манай уурхайн удирдлагын асуудлыг хурдан яаралтай шийдэж өг гээд шаардлага тавьж байсныг мартаагүй байна.
Миний бие энэ дүүрэг орон нутгаас сонгогдсон хүний хувьд зөвхөн уурхай бус бусад бүхий л байгууллага аж ахуйн нэгжийг нутаг орондоо ажиллаж амьдардаг, нутгийн хүүхэд, залуус удирдаж авч яваасай л гэж чин сэтгэлээсээ бодож, түүний төлөө ч чадахаараа хичээж ажиллаж байдгаа хэлье. Тухайн үед нь мэргэжлийн бус томилгоо анх удаа энэ хүнээс эхлэх гэж байна шүү гэдгээ албан ёсоор хэлээд, яриад дийлээгүй юмаа. Гэхдээ өнгөрсөн хугацаанд ажилласан ажлын үр дүнг огтоос үгүйсгээгүй. Харин 2025 онд гарсан үйлдвэрийн ослоос үүдэлтэйгээр хариуцлагаа хүлээ л гэж компанийн ТУЗ-ийн шийдвэр гарсан гэж ойлгож байгаа. ТУЗ-ийн шийдвэрийг хэрэгжүүлэх үүрэгтэй бусуу.
Одоо наад эрээ цээргүй улстөрөө зогсоо, хаа хаанаа ажлаа хийцгээе, наадмын дараа намар гэдэг. Өвөлжилтийн бэлтгэл ажлын гүйцэтгэлээ хангаж ажиллая. Нийслэлчүүдийг, Багануурчуудыг халуун дулаан өвөлжүүлэх улс орны өмнө хүлээсэн үүрэгтэй зогсох эрхгүй уурхай шүү.
Мэдэгдэл гаргасан. УИХ-ын гишүүн, ТББХ-ны дарга Ц.Сандаг-Очир"