Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна. Төрийн айлчлалын хүрээнд талууд харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх 11 баримт бичигт гарын үсэг зурлаа. Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар “Цахим шилжилтийн салбарт хамтран ажиллах тухай” Монгол Улсын Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Тажикистан Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Инновац, цахим технологийн агентлаг хоорондын "Харилцан ойлголцлын санамж бичиг"-т гарын үсэг зурлаа.
Бүгд Найрамдах Тажикистан Улсыг төлөөлж Ерөнхийлөгчийн дэргэдэх Инноваци, цахим технологийн агентлагийн захирал Мирзо Хуршед Файзуллозода гарын үсэг зурсан байна.
Хоёр улс санамж бичгийн хүрээнд дижитал эдийн засгийн салбарын зохицуулалтын тогтолцоог боловсронгуй болгох чиглэлээр мэдлэг, туршлага солилцож, төрийн цахим үйлчилгээг хөгжүүлэх, төрийн байгууллагуудын үйл ажиллагааг цахимжуулах чиглэлээр туршлага солилцоно.
Түүнчлэн Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны харьяа “И-Монгол Академи” Улсын төсөвт үйлдвэрийн газар болон Бүгд Найрамдах Тажикистан Улсын Гэрчилгээжүүлэх төвүүд, төрийн үйлчилгээ болон цахим хөтөлбөр хөгжүүлэлт, Улсын төсөвт хувьцаат компани хооронд хамтран ажиллах тухай Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулав. Санамж бичгийн хүрээнд манай улсын нийтийн мэдээллийн дэд бүтэц, түүнд хамаарах системүүдийг нэвтрүүлсэн туршлагаасаа хуваалцаж, нийлүүлэлт хийх боломжтой болох юм.