УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар "Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын тухай хуульд шинэчилсэн найруулга оруулах" хуулийн төсөл санаачилж буй талаар хэвлэлийн бага хурал хийлээ.
Тэрбээр "Сүүлийн 6 сарын турш судалгаа хийлгэж "Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын тухай хуульд шинэчилсэн найруулга оруулах" хуулийн төсөл боловсрууллаа. Ингээд өнөөдөр энэ хуулийн төслийн талаар санал авах бичгээ Засгийн газарт өгч байна.
Монгол улсын хувьд "мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис" үнэхээр хурцадмал байдалтай болсон байна. Судалгаанаас харахад мансууруулах бодис хэрэглэгчдийн нас залуужиж байна. 2002 онд батлагдсан хууль нь өнөөгийн нөхцөл байдлыг зохицуулж чадахгүй байгаа харагдаж байна. Тийм учраас уг хуулийг зайлшгүй өөрчлөх ёстой.
Хар тамхи, мансууруулах бодис хэрэглэсэн хүмүүс зөрчлийн тухай хуулиар торгуулах болон баривчлах ялаар шийтгүүлдэг.
Ирээдүйг авч явах залуу үе маань хар тамхинд живэх юм бол Монгол улсын ирээдүй бүрхэг болно. Хар тамхитай холбоотой хэрэг дээр оролцсон төрийн албан хаагчид, нуун дарагдуулсан, өөгшүүлсэн этгээдүүдэд авах арга хэмжээ нь 2 дахин өндөр байх заалтууд оруулсан байгаа. 5 болон түүнээс дээш жилийн хорих ялтай болно. Энэ хууль чанга байж монголын ирээдүй хар тамхинаас аврагдана.
Хэрэглэгч нь зөвхөн зөрчлийн хуулиар биш эрүүгийн хуулиар шийтгэгдэж эхний удаад 5 жил, давтан бол 8 жилийн ял оноох, хадгалсан, тээвэрлэсэн, зохион байгуулсан хүмүүст тэнсэнгүй, өндөр ял оноох гэх зэргээр ялыг чангарууллаа. " гэв.