Улсын хоёрдугаар төв эмнэлэг /УХТЭ/ элэгний хавдрыг дурангаар авах мэс заслыг амжилттай нэвтрүүлэн ажиллаж байгаа. Уг мэс засал нь өвчтөнд хор хөнөөл багатай, дахилтын хувь багатай, зовуурь багатай бөгөөд ор хоног багатай учраас эдийн засагт хэмнэлттэй байдаг. Тиймээс тус эмнэлэгт энэ төрлийн мэс заслыг ЭМД-аараа үнэ төлбөргүй хийж байгаа юм.
Тэгвэл элэгний мэс засал эмчилгээний талаар УХТЭ-ийн ерөнхий мэс заслын тасаг, АУ-ы магистр тэргүүлэх зэргийн мэс заслын эмч Б.Ган-Эрдэнэ зөвлөгөө мэдээлэл өглөө.
Хавдрын эхэн үедээ элэгний үйл ажиллагаа хэвийн байвал мэс заслын эмчилгээ хийнэ. Хавдар нь жижиг, 3 см-аас доош хэмжээтэй байвал RF буюу түлэх эмчилгээ хийж болно. Энэ нь маш хүчтэй туяагаар шарах эмчилгээ юм. Хавдар хожуу үедээ орсон бол хавдрыг тэжээж байгаа судсыг бөглөх, эсвэл химийн эмчилгээ сонгоно.
Судас бөглөх эмчилгээ нь ЭЛЭГНИЙ ХАВДРЫГ тэжээж буй судсыг бөглөж, хавдрыг идэвхгүй болгох эмчилгээ юм.
Элэгний хавдрын үндсэн шалтгаан нь В, С вирусийн халдвар юм. Гэхдээ В, С вирусийн халдвартай хүн бүр хавдар тусна гэсэн үг биш. Хэрэв элэгний вирусийн халдвартай бол вирусийн идэвхжилийг тогтоож, эм ууж, эмчийн хяналтад байх ёстой. Элэгний хатуурал үүссэн бол хавдар болж хүндрэх эрсдэл улам нэмэгдэнэ. Хавдрыг эрт үед нь оношлуулж, эмнэлэгт хандвал төгс эдгэрнэ.