Баян-Өлгий аймгийн хөлбөмбөгийн холбооны шигшээ баг саяхан Казахстаны Алматы хотод болсон "Ер Жанибек Цом" мини хөлбөмбөгийн олон улсын тэмцээнд амжилттай оролцож, дөрөвдүгээр байр эзэллээ. Энэ жилийн тэмцээн Казахстаны алдартай эрдэмтэн, философийн ухааны доктор, профессор Турсунбек Какисевын 90 жилийн ойн хүрээнд,Казахстан, Иран, Франц, БНХАУ, ОХУ, Монгол, Герман, Түрк, Үзбекистан гэсэн есөн улсын 20 багийн өрсөлдөөн дунд болсон юм.
Баян-Өлгий аймгийн шигшээ баг "Ер Жанибек Цом" тэмцээнд өнгөрсөн жил анх удаа оролцохдоо хэсгээсээ шалгарч чадаагүй. Харин энэ удаа "А" хэсэгт Хятадын "Үштас"-ыг 9:0-ээр хожиж, Казахстаны Алматы хотын "Алатау"-тай 3:3-аар тэнцэж, "Сауыр"-ыг 4:2-оор хожсоноор хасагдах шатанд шалгарч, 1/4 шигшээд Алматын өөр нэг баг "Фагур"-ыг 5:0-ээр буулган авснаар шилдэг дөрвөн багийн нэг болов. Харамсалтай нь хагас шигшээ тоглолтод энэ тэмцээнд түрүүлэх хувьтай "Бірлік Керуен”-д 1:6-гаар хожигдсоноор дөрөвдүгээр байрт орлоо.
Аварга багийн үүсгэн байгуулагч Мэнат Магази "Бид энэ тэмцээнд маш их бэлтгэсэн. Өнгөрсөн жил түрүүлэх шахаад алдсан. Харин энэ жил ялалт биднийх боллоо. Энэ бол манай залуучуудын гавьяа. Тэмцээн өмнө нь зөвхөн гадаадаас ирсэн казах хүмүүсийн дунд болдог байсан бол энэ жил орон нутгийн багууд нэмэгдсэнээр улам өрсөлдөөнтэй боллоо. Тэмцээний зохион байгуулалт маш сайн байлаа" хэмээн ярьсан юм.
Баян-Өлгий аймгийн шигшээ багийн бүрэлдэхүүн:
Дасгалжуулагч: О.Ертай
Тоглогч: Б.Ертис, Т.Есбол, Т.Хамит, Н.Досымбек, Е.Нурберген, С.Дауренбек, Т.Еламан, О.Нурланбек, А.Ерлан, Алтынбек.